Ард олноо "морины" хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаярыг "Ардын жүжигчин" цол тэмдгээр шагнахаар болсон билээ. Түүний дуулсан олон сайхан морины дуунууд бий. "Гал шарын унага", "Хардэл бэйсийн унага" зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн ховор биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд Ардын жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж байгаад тань баяр хүргэе. Энэ мэдээг хэзээ мэдэж хэрхэн хүлээн авсан бэ. Таны хувьд уран бүтээлээ туурвиад хэдэн жил болж байгаа вэ?
-Баярлалаа. Миний хувьд урлагийн салбарт хичээж зүтгэж байхад болно доо гэж боддог байлаа. Урлагийн салбарт зүтгээд 45 жил болж байна. Миний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг олгохоор болсонд баяртай байна. Үүнийг хэдхэн хоногийн өмнө л мэдлээ. Миний хувьд Соёл урлагийн их сургуулийг төгсөөгүй өөрийнхөө унаган авьяасаар өдий хүртэл дуулж байна.
-Багаасаа дуулах дуртай хүүхэд байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Зургаадугаар ангиасаа эхлээд дуулсан. Пионерын сурагчдын урлагийн үзлэгт орж алт, мөнгөн медаль хүртэж л урлагийн гараагаа эхэлж байлаа даа.
-Таны өвөөг уртын дуучин хүн байсан гэж сонссон. Таны охин бас дуулдаг. Ер нь танай удмынхан сайхан дуулдаг хүмүүс байдаг уу?
-Ер нь тийм удамтай. Миний ээжийн аав н.Жангилаа гээд Ховд аймгийн Цэцэг суманд аж төрж байсан. Уртын дуу их сайхан дуулдаг хүмүүс бий. Өвөөг айлд орж ирээд уртын дуу дуулахад баруун хаяанд нь хөмрөөд тавьсан ширмэн тогоо ягхий гэж дуугардаг байсан гэлцдэг. Мөн уртын дуу дуулаад ирж явахад нь "шимийн архи байгаа юу, н.Жангилаа гуай ирж байна" гэхэд хоёр, гурван гүвээний цаанаас 10, 20 минутын дараа гэрт нь буудаг. Тийм л сайхан дуулдаг хүн байсан гэдэг.
-Та багадаа уртын дуу дуулж байв уу. Ямар дуунд дуртай байсан бэ?
-Уртын дуу дуулж байгаагүй. Харин Адарсүрэн гуайн дуунуудыг дагаж аялдаг байсан.
-Яагаад дуучин болох шийдвэрийг гаргасан бэ. Дуучин болох замнал нь хэрхэн эхэлж байв?
-Наймдугаар ангиа төгсөөд гадаадад ТМС төгсөж ирээд цэргийн албанд явсан. Тэндээсээ улирч дуучин болох замнал Хязгаарын цэргийн ансамблиас эхэлсэн. Намайг цэргийн алба хааж байхад Хязгаарын дуу бүжгийн чуулгын 50 жилийн ойн баярын арга хэмжээ болж, уг арга хэмжээнд дуулаад үнэлэгдсэн гэх үү дээ. Тиймээс ансамбльдаа дуучнаар ажилд орсон. Тэндээсээ Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад очиж, уран бүтээлээ дуулж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа.
-Таныг “Морины” дууны хэмээх тодотголоор хүмүүс андахгүй. Хэрхэн морины дуу дуулж эхэлсэн бэ?
-Миний анхны уран бүтээл бол "Цэнхэр хангайн нутаг”. Хязгаарын цэргийн ансамбальд байхдаа "Гал шарын унага" дуугаа анх дуулж, энэ нь ард түмэнд хүрч, “Морины” Батбаяр хэмээх алдар нэр хүндийг хүртсэн дээ. Морины тухай дууны яруу найраг, ая, дуучин гээд бүгд хурц байж л хүнд илүү их хүрч, сайн уран бүтээл төрдөг учраас надад таалагдсан. Морины дуу дуулах тусам хоолой халж илүү эрч хүчтэй дуулдаг.
-Та ер нь яг л дуулж байгаа шигээ зан араншинтай хүн үү?
-Ер нь тэгж хэлж болох байх аа. Морины уран бүтээл их хөнгөн шингэн, эрч хүчтэй байдаг шүү дээ. Морины тухай туулж байхдаа хурдалж байгаа морийг төсөөлж дуулдаг.
-Гал шарын унага бол монгол хүн бүрийн сонсох дуртай дууны нэг. Энэ дуу бүтсэн түүхээс хуваалцахгүй юү?
-Манай Хязгаарын цэргийн ансамбаль өвлийн нээлт гэж концерт хийдэг байсан. Тэр үеэр Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчин н.Тэрбиш гуай "Гал шарын унага" гэдэг уран бүтээлээ надаар дуулуулъя гэж санал тавьсан. Ингэж л хамгийн анх удаа дуулж байлаа.
-Урлагт хүчин зүтгэж буй 40 гаруй жилийн хугацаанд хэдэн уран бүтээл хийсэн бэ?
-Энэ хугацаанд 100 гаруй уран бүтээл хийсэн байна. Үүнд, морины, ээж аавын, нутаг усны, хайр сэтгэлийн тухай дуу ч бий. Миний "Хардэл бэйсийн унага", “Гал шарын унага”, “Түрүү магнай, “Адуучин хүний жаргал,” “Ээжээ зорьё” зэрэг уран бүтээлийг үзэгч, сонсогчид их дахиулж дуулуулдаг.
-Багадаа хурдан морь унаж байсан уу. Мөн уяж байв уу?
-Бага байхдаа хурдан морь унаж байсан. Гэтэл тэр үедээ унаж, хоцроод түүнээс хойш айгаад ахиж хурдан морь унаагүй. Харин хурдан морь уяж байгаагүй.
-Наадам дөхсөн үед та ер нь догдолдог уу. Таны хувьд хамгийн дурсамжтай наадам хэзээ вэ?
-Догдлолгүй яах вэ. Морины уран бүтээл хүнийг өөрийн эрхгүй догдлуулдаг. Иймээс дагаад наадам болохоор догдолж эхэлдэг дээ. Үе үеийн наадам гоё болдог. Бүгд л өөр өөрийн сайхан дурсамжтай байдаг. Морины уралдаан шимтэн үздэг.
-Таны уран бүтээлүүд дундаас дуулах бүрд өөр мэдрэмж өгч, дуулаад л баймаар ямар дуу байдаг вэ?
-Миний уран бүтээлүүд дуулах бүрд намайг догдлуулдаг. Тэр дундаас хамгийн их дуулмаар санагддаг нь "Хардэл бэйсийн унага". Энэ дуугаа авах гэж Ж.Саруулбуян гуайн араас нэлээд хөөцөлдөж байж авч байсан.
-Таны хүүхдүүд дундаас охин тань дуулдаг. Зээ нараас тань дуулж байна уу?
-Миний гурван охинтой. Манай том охин Б.Сонгууль дуучин. Харин дунд охин бүжгийн багш, бага охин англи хэлний багш. Тэд тус тусынхаа ажлыг хийгээд сайхан амьдарч байна даа. Зээ нараас дуулдаг хүү байна. Манай хүү дуулах байх гэж горьдож явдаг.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачин юу байна вэ?
-Хүмүүсийн захиалсан дуунуудыг дуулж байна. Энэ жил манай Увс аймгийн Малчин сумын 100 жил болно. Саяхан нутгийнхаа ойд зориулан охинтойгоо, Цэргийн дуу бүжгийн уран бүтээлч н.Батсайхан гээд залуутай хамтарч дууг дууллаа.
-Таныг дуу дуулахаас гадна аялгуу бичдэг гэж сонсож байсан. Энэ талаараа яриач?
-Хөгжмийн зохиолч хүн биш ч өөрийнхөө сэтгэлд буусан аялгууг хуулж аваад 2-3 уран бүтээлийн аялгууг бичсэн.
-Түүн дотор хурдан хүлгийн дуу ч бий байх аа. Ингэхээр таны амьдрал морьтой салшгүй холбоотой юу?
-Тэгэлгүй яах вэ. Миний амьдрал морьтой салшгүй холбоотой. Хоёр ч морины дууны аялгуу бичсэн. Морины уран бүтээлийг залуус их дуулаасай гэж боддог, дуулж ч байна. Тэд нарыгаа өөрийн чадахаараа дэмжиж явдаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монголынхоо ард түмэнд зориулан баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?
-Миний Монголын ард түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл өргөе. Улсынхаа баяр наадмаар сайхан наадаарай.