Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп наймдугаар сараас 14 улсад импортын тарифаа нэмнэ хэмээн сүрдүүллээ

Трамп наймдугаар сараас 14 улсад импортын тарифаа нэмнэ хэмээн сүрдүүллээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 8
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ даваа гарагт Япон, Өмнөд Солонгос зэрэг гол нийлүүлэгч орнуудаас эхлээд жижиг экспортлогч түншүүд рүү захидал илгээж, наймаа, худалдааны дайн шинэ шатандаа орж байгааг зарлалаа. Тэрээр ирэх наймдугаар сарын 1-ээс Америкийн тарифыг эрс нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.
Трампын захидлыг хүлээн авсан 14 орны дунд Серби, Тайланд, Тунис зэрэг АНУ-д бага хэмжээний экспорт хийдэг орнууд багтаж байгаа бөгөөд тэдэнтэй дахин төлөвлөж болох яриа хэлэлцээний боломжийг үгүйсгээгүй ч, хэрэв ямар нэгэн хариу арга хэмжээ авбал түүнд харгалзах хатуу хариу барих болно гэж анхааруулжээ.
“Хэрэв та ямар нэг шалтгаанаар өөрийн тарифыг нэмэхээр шийдсэн бол, нэмэхээр төлөвлөж буй хувь дээр чинь нэмээд бидний тогтоосон 25 хувийн тариф хүчинтэй байх болно” хэмээн Трамп Япон болон Өмнөд Солонгосын Засгийн газарт илгээсэн захидалдаа дурдсан байна.
Шинэ тарифууд гадаадаас АНУ-д бараа импортолдог компаниудад үйлчлэх бөгөөд өмнө нь автомашин, ган, хөнгөн цагааны салбарт тогтоосон тусгай тарифуудтай давхцахгүй аж. Жишээлбэл, Японы автомашины импортод 25 хувь тариф хэвээр үлдэх бөгөөд шинэ тариф нэмж 50 хувь болохгүй.
Худалдааны хэлэлцээрт хугацаа сунгав
Трамп энэ оны дөрөвдүгээр сард худалдааны дайныг эхлүүлснээс хойш улс орнууд АНУ-тай хэлэлцээр байгуулах хугацаанд шахагдаж байгаа бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгээд байгаа юм.
Гэсэн ч даваа гарагт Трамп тухайн долоо хоногийн лхагва гараг хүртэл тогтоосон хэлэлцээний хугацааг наймдугаар сарын 1 хүртэл сунгах захирамжид гарын үсэг зуржээ. Олон улс орон АНУ-ын өндөр тарифын аюулаас зайлсхийхийн тулд хэлэлцээрээр дамжуулан шийдэл олохыг эрмэлзэж буй ч Трампын шийдвэр тодорхойгүй хэвээр байна.
Өмнөд Солонгосын тарифын хувь хэмжээ нь анх Трамп зарласантай ижил хэвээр үлдсэн бол Японы тариф өмнөх дөрөвдүгээр сарын 2-нд зарласан түвшнээс нэг пунктээр өндөр байна.
Одоогоор зөвхөн Их Британи, Вьетнамтай л тохиролцоонд хүрээд байна.
Шинэ тарифын хувь хэмжээ (Наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр):
  • Тунис, Малайз, Казахстан — 25 хувь
  • Өмнөд Африк, Босни ба Герцеговина — 30 хувь
  • Индонез — 32 хувь
  • Серби, Бангладеш — 35 хувь
  • Камбож, Тайланд — 36 хувь
  • Лаос, Мьянмар — 40 хувь
Ойрын холбоотнуудыг ч ониллоо
Азийн бодлогын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Венди Катлерын хэлснээр АНУ-ын хамгийн дотно холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосын импортод өндөр тариф ногдуулж байгаа нь харамсалтай боловч хэлэлцээр амжилттай болох боломж одоо ч байгаа гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн