Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхийн баялгийн сангуудын дунд зэрэглэл тогтоолгох замаар баялгийн сангийн удирдлага, гүйцэтгэлээ төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд Олон улсын баялгийн сангуудын итституцэд элсэх ажлыг “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК зохион байгуулсан бөгөөд 2025 оны 6 сарын 19-ний өдөр элсэх эрхээ хүлээн авсан байна.

Нийт 5 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг баялгийн сангуудын чуулга уулзалт 2025 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус “Дэлхийн баялгийн сангийн чуулган-2025” арга хэмжээнд “Чингис Хаан Үндэсний Баялгийн Сан”-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Funding the Future” нээлтийн хэлэлцүүлэгт панелистаар оролцож, Чингис хаан Үндэсний баялгийн сангийн бүтэц, хүний хөгжил төвтэй хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулсан төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж, бизнесийн орчны талаар хуваалцсан юм. Мөн тэрээр чуулганы хаалтын үеэр “Дэлхийн баялгийн сангийн ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн эдийн засагт өрнөж буй тодорхойгүй нөхцөл байдалд улс орнуудын баялгийн сангийн үүрэг оролцоо, ач холбогдлыг онцолсон юм.

Чуулганы үеэр ЧХҮБС нь Катарын хөрөнгө оруулалтын агентлаг, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан зэрэг дэлхийн тэргүүлэх баялгийн сангууд, АНУ-ын Засгийн газрын Фючерс зохицуулах хороо болон олон улсын хөрөнгө удирдлагын байгууллагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны боломжуудыг судалсан бөгөөд “ОУ-ын баялгийн сангуудын институци”-ийн гишүүнчлэлийн хүрээнд олон улсын сүлжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэв.