Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Тайванийн Yuan Ze их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авсан Г.Номин-Эрдэнийг онцолж байна

Тайванийн Yuan Ze их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авсан Г.Номин-Эрдэнийг онцолж байна
Нийтэлсэн 6 цагийн өмнө
Г.Номин-Эрдэнэ нь Тайванийн номер нэгд эрэмбэлэгддэг хувийн  Yuan Ze их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авчээ. Мөн тэрээр Тайванийн Засгийн газрын тэтгэлгийн нэгдүгээр шатандаа тэнцсэн бөгөөд хоёрдугаар шатандаа бэлдэж байгаа аж. Г.Номин-Эрдэнэ “Цонжин кибер боардинг” сургуулийн төгсөгч. Цаашид компьютерын шинжлэх ухааны чиглэлд суралцах хүсэлтэй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд Тайванийн томоохон их сургуульд тэтгэлэгтэй тэнцсэнд баяр хүргэе. Тэтгэлгийн хариугаа хүлээж авсан үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү. Ер нь тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Тэтгэлэгт тэнцсэн гэдэгтээ ерөөсөө итгээгүй. Өөрийнхөө нэрийг хараад ирсэн мэйлээ дахин дахин уншсаар л байсан. Тэр мэдрэмж үнэхээр дахин давтагдашгүй байдаг юм билээ. Тухайн сургуульд тэнцэнэ гэдгээ мэдэж байсан ч 100 хувийн тэтгэлэг авч чадна гэж огт төсөөлөөгүй.
-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэрийнхэн үнэхээр их баярласан. Тэтгэлэг авсан гэж мэдэхдээ сургууль дээрээ байсан болохоор гэрийнхэндээ очиж сюрприз барьсан. Миний охин чадсан байна шүү дээ гээд ээж уйлах шахам баярласан даа. 
-Тэтгэлэгтээ хэр хугацаанд бэлдсэн бэ. Юунд хамгийн их анхаарсан бэ?
-Эхлээд арванхоёрдугаар сард IELTS-ийн оноогоо аваад тэтгэлгийн материалаа бэлдэж эхэлсэн. Багш нартайгаа холбогдож дүнгийн хуулга, тодорхойлолт зэргийг авсан. Өөрөөс хамаарах бүх зүйлээ чадахаараа сайн хийхийг хичээл сургууль руугаа материалаа явуулаад тэнцсэн. Хичээлээ хийхдээ бол томато аргыг ашигласан. Ингэхдээ 25 минут хичээлээ хийж таван минут амрах зарчмаар хийдэг. 
-Яагаад Тайванийн их сургуулийг сонгох болсон бэ?
-Ер нь Ази соёл, хүмүүст илүү хайртай, дуртай. Энэ нөлөөлсөн байх. Европ гэхээр арай дасахгүй юм шиг санагддаг. Гадаадад анх удаа гарах гэж байгаа бол соёлын ялгаа харьцангуй бага болохоор азийн улсуудад суралцах нь зүйтэй гэж боддог. Ингээд Хятад улсыг сонгон суралцъя гэж бодсон ч Тайвань руу явахаар шийдсэн. Миний тэтгэлэгт тэнцсэн сургууль гадаад оюутан ихтэй. Түүнчлэн, Тайванийн энгийн их сургуулиас олж чадахааргүй боломжууд их гарч ирдэг юм билээ.Үүгээрээ маш онцлогтой. Азийн орнуудад сурах нь зардал, амьдрах өртөг ч багатай. 
-Тэтгэлэгт хамрагдахын тулд эсээ хамгийн чухал гэдэг. Чи хувьд эсээндээ хэрхэн анхаарсан бэ?
-Тэтгэлэгт бэлдэж эхэлсэн цагаасаа л хамгийн их хугацааг эсээндээ зарцуулсан. Европын их сургуулиуд хувийн эсээ бичдэг. Харин Тайваньд эсээндээ сурах төлөвлөгөөгөө бичдэг болохоор бага зэрэг будилсан. Эхлээд хувийн эсээгээ биччихээд дахиад сурах төлөвлөгөөгөө бичсэн. Эсээндээ өөрийнхөө ур чадвар, суралцах дөрвөн жилдээ юу хийх төлөвлөгөө, сургуулиа төгсөөд ямар ажил хийх үү гээд алсын хараагаа тусгасан. Ер нь өөрийнхөө ур чадварыг маш сайн тодотгож өгсөн.
-Нууц биш бол цаашдын төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцахгүй юү?
-Компьютерын шинжлэх ухааны чиглэлд суралцах хүсэлтэй байгаа. Цаашаагаа хиймэл оюун ухаан эсвэл роботын инженерчлэлээр явахыг зорьж байна. Хятадууд Deepseek гээд ChatGPT шиг AI гаргасан. Миний хамгийн том мөрөөдөл бол Монголдоо тийм artifishial intelligence chatGPT гаргах юм. 
-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Бусдыг дагахыг хүсээгүй өөрийгөө л сонссон. Миний амьдрал, ирээдүй учраас өөрийгөө олж нээх нь давуу тал болдог юм билээ. 
-Тэтгэлэгт тэнцэхийн тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаа мөн чухал байдаг. Чи ямар хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцож байсан бэ?
-UB animal shelter буюу амьтдад туслах үйл ажиллагаанд оролцсон. Сургуульдаа хандивын аян зохион байгуулсан. Мөн өөрийн сонгосон чиглэлд олон сертификат хэрэгтэй гэж харсан. Компьютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгосон болохоор код бичих Харвардаас эхлээд сургалтад сууж байсан сертификатууд надад маш их хэрэг болсон.
-Хэзээнээс код бичиж сурсан бэ?
-“Цонжин кибер боардинг” сургуульд арванхоёрдугаар ангидаа шилжиж ороод сурсан. Өмнө нь хэдийгээр туршиж үзэж байсан ч шантарсан. Гэхдээ сургуульдаа ороод найзуудтайгаа хамтдаа сурахад илүү амархан бас сонирхолтой аргаар сурч чадсан. 
-Тэтгэлэгт бэлдэхэд гэр бүлийнхнийх нь дэмжлэг, туслалцаа бас их байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Гэр бүлийнхний сэтгэл санааны дэмжлэг маш их хэрэгтэй байдаг юм билээ. Жишээлбэл, Цонжин дээр намайг хичээлтэй байхад манай ээж хуучин сургуулийн багш нартай уулзаж дүнгийн хуулга авах зэрэг миний амжуулж чадахааргүй олон зүйлд тусалсан. Тэтгэлэг авна гэдэг ганцаараа өөрөө гүрийгээд хийчих зүйл биш. Гэр бүл, найз нөхөд, багш нар гээд надад тусалж, дэмждэг бүх хүнд маш их баярладаг. Энэ боломжийг ашиглан бүгдэд нь баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Ялангуяа ээж болон эгчдээ миний баттай ар тал болдогт үнэхээр их баярладаг шүү. Тэтгэлэгт тэнцсэн нь маш том боломж гэж харж байгаа. Айлын том болохоор дүүгээ ЕБС-аа төгсөхөөр нь гадаад руу явуулна гэсэн зорилготой. 
-Чиний хувьд багаасаа хичээлдээ сайн байсан уу?
-Ер нь багаасаа л их шартай хүүхэд байсан. Ээж хүртэл чи багадаа нэг үсэг бичиж чадахгүй бол түүнийг давтаад уйлаад суугаад байдаг байсан гэдэг. Шартай зан намайг өдий хүртэл авч явж байгаа гэж боддог. 
-Англи хэл болон бусад зүйлийг сурахдаа хэрэглэдэг арга барил бий юү?
-Өөрийгөө аль болох уйдаахгүй сурдаг. Уйтгартай гээд  харчихвал ямар ч оролдлого хийх хүсэлгүй болчихдог. Тийм болохоор хэлийг сурахдаа уншдаг, сонсдог, үздэг бүх зүйлээ англи хэлээр болгосон. 
-Тэтгэлэгт хамрагдахаар зорьж байгаа хүүхдэд өгөх чиний топ гурван зөвлөгөө юу вэ?
-Нэгдүгээрт, эрт эхэл. Хятад, Тайвань зэрэг улсад сурах гэж байгаа бол заавал англи биш хятад хэлийг ч гэсэн сурвал хэрэгтэй. Хэлний оноогоо арваннэгдүгээр ангидаа авчих гэх зөвлөмөөр байна.
Мөн багш нартайгаа сайн ярилцаж ойлголц. Дүнгээ сайн бодох хэрэгтэй. Ялангуяа Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах гэж байгаа бол бүх дүн 85-аас дээш байх шаардлагатай байдаг. 
Гуравдугаарт, гадаадад сурах гэж байгаа бол аливаа зүйлийг битгий хойшлуулаарай. Одоо хийж чадах бүх зүйлээ л хийгээрэй.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн