Хойд Солонгос ОХУ-д 30,000 хүртэлх нэмэлт цэрэг илгээж, Украинтай хийж буй дайнд оролцуулах гэж байгааг Украины тагнуулын байгууллага мэдээлжээ.
Энэхүү мэдээлэл АНУ Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохоо зарласны дараа гарсан бөгөөд үүнийг дагаад Украинд түгшүүр үүсэж, АНУ-ын туслалцаагүйгээр өөрсдийгөө хамгаалахад бэрхшээлтэй хэмээн мэдэгдсэн байна. Хойд Солонгосоос дахин цэрэг илгээх тухай мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногт хүчтэй тархаад байсан юм.
Энэ нь өнгөрсөн онд ойролцоогоор 15,000 цэрэг, 100 баллистик пуужин, их хэмжээний сум, зэвсгийн хангамж илгээж байсан өмнөх илгээлтээс хоёр дахин их хэмжээтэй юм. Уг дэмжлэг нь ОХУ-ын Курскийн бүс нутгийг эргүүлэн авах дайнд зориулагдсан байв.
Мөн зургадугаар сарын дунд үеэр Хойд Солонгос олон мянган цэргийн барилгачин, мина цэвэрлэгчийг Орост илгээж, дайнтай холбоотой сэргээн босголтын ажилд туслах болсноо зарласан. Энэ нь Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн Пёньянд хийсэн айлчлалын дараа болсон үйл явдал юм.
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн жилийн Хойд Солонгосын цэргийн анхны илгээлт нь Шойгу Пёньянд айлчлан гэрээ байгуулснаас яг нэг сарын дараа хэрэгжсэн байна.
Тухайн үеийн илгээлтийн хариуд ОХУ Хойд Солонгост богино зайн агаараас хамгаалах систем, электрон довтолгооны дэвшилтэт төхөөрөмжүүд (дохио дарах чадвартай), мөн дрон болон цөмийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн гэж мэдээлэгдэж байсан юм.
Украины талаас шинэ илгээлтийн талаар гаргасан үнэлгээнд: "Хойд Солонгосын цэргүүд ОХУ-ын эзэлсэн Украины зарим нутагт Оросын цэргийн хүчийг бэхжүүлэх, түүний дотор өргөн цар хүрээтэй довтолгоонд оролцох өндөр магадлалтай" хэмээн дурджээ.
Мөн Украины тагнуулын мэдээгээр, Оросын нисэх хүчний онгоцнуудыг цэргүүд зөөвөрлөх зориулалтаар шинэчлэн тоноглож байгаа нь Оросын зүүн хилийн бүс нутгаас олон мянган цэрэг шилжүүлэхээр төлөвлөж байж болзошгүйг харуулж байна.