Япон улс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн далайн ёроолоос ховор металл олборлох дэлхийн хамгийн гүн туршилтыг хийхээр төлөвлөж байгааг тус улсын төрийн инновацын хөтөлбөрийн захирал пүрэв гарагт мэдэгдлээ.
Энэ долоо хоногийн эхээр Япон улс АНУ, Энэтхэг, Австраитай хамтран шинэ технологид зайлшгүй шаардлагатай стратегийн ашигт малтмалуудын тогтвортой нийлүүлэлтийг хангахаар тохиролцсон. Учир нь энэ төрлийн нөөцөд Хятадын давамгайлал нэмэгдэж буйд дэлхий нийтийн санаа зовниж байна.
Ховор шороон элемент буюу газрын ховор металлууд нь дэлхийн царцдасаас олборлоход хэцүү 17 төрлийн металл бөгөөд цахилгаан автомашин, хатуу диск, салхин турбин, пуужин зэрэг олон технологид хэрэглэгддэг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, ховор металл олборлолтын бараг хоёрны нэгийг Хятад улс дангаараа эзэлдэг бол боловсруулалтын 92 хувийг эзэлдэг аж.
Ирэх нэгдүгээр сараас Японы "Chikyu" нэртэй тэнгисийн гүн дэх судалгааны өрөмдлөгийн хөлөг онгоц далайн ёроолоос ховор металл агуулсан тунадас дээж авах "туршилтын аялал" хийх гэж байгаа талаар Японы Засгийн газар хоорондын Стратегийн инновацын хөтөлбөрийн захирал Шоичи Ишии мэдээлжээ.
Тэрээр "5,500 метрийн гүнээс тунадас дээж авах энэхүү туршилт нь дэлхий дээрх анхны тохиолдол юм" хэмээн AFP агентлагт ярьжээ. Мөн "Бидний зорилго бол бүх олборлох тоног төхөөрөмжийн ажиллагааг турших явдал бөгөөд яг хэдэн хэмжээний тунадас гаргаж авах нь тийм ч чухал биш" гэж нэмж хэлжээ.
Chikyu хөлөг Японы эдийн засгийн бүсэд орших Номхон далайн алслагдсан Минани Торишима арлын ойролцоо өрөмдөнө. Энэхүү арал нь Японы зүүн хязгаарын цэг бөгөөд цэргийн бааз ч байдаг аж. Японы Nikkei сонинд мэдээлснээр, уг туршилтаар 3 долоо хоногийн турш далайн ёроолоос нийт 35 тонн шавар дээж авах зорилготой гэнэ.
Нэг тонн шаварт ойролцоогоор хоёр килограмм ховор металл агуулагдаж байдаг бөгөөд эдгээр нь орчин үеийн цахилгаан хэрэгсэлд зайлшгүй шаардлагатай соронз хийхэд ашиглагддаг.
Байгаль хамгаалагчид гүн тэнгисийн олборлолт нь далайн экосистемийг сүйтгэх, ёроолын орчныг ноцтой эвдэх аюултай хэмээн анхааруулж байна. Үндэсний хилийн гаднах далайн ёроолыг хариуцдаг Олон улсын тэнгисийн ёроолын эрх мэдлийн газар энэ сарын сүүлээр хуралдаж, гүн тэнгисийн олборлолтыг зохицуулах олон улсын дүрэм боловсруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.