Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Нас ахих тусам сонсгол муудах нь уураг дутагдсантай холбоотой

Судалгаа: Нас ахих тусам сонсгол муудах нь уураг дутагдсантай холбоотой
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Хятад, АНУ-ын судлаачид хамтран насжилтаас шалтгаалсан сонсгол муудах үйл явцын гол шалтгааныг тодруулж, чихрийн шижингийн үед хэрэглэгддэг метформин эмийн үр нөлөөг туршиж үзжээ.
Судалгааг краб иддэг мака сармагчин дээр хийсэн бөгөөд хүнтэй төстэй бүтэцтэй, нас ахих тусам сонсгол нь буурдаг тул энэ амьтныг сонгожээ. Судалгаагаар SLC35F1 хэмээх уургийн илэрхийлэл аажим буурч, чихний мэдрэхүйн үсэрхэг эсийн (hair cell) хөгшрөлт, алдагдалд хүргэдэг болохыг тогтоосон байна. Энэ эсүүд нь дууны чичиргээг тархинд дамжуулах үүрэгтэй, үндсэн мэдрэгч бүтэц юм.
Уг генийг хулгана дээр туршилтаар унтраахад сонсгол эрс муудсан бөгөөд SLC35F1 генийг сонсголын алдагдлыг оношлох, хянах биомаркер болгон ашиглаж болохыг харуулжээ. Түүнчлэн энэ нь ирээдүйд генийн эмчилгээний чиглэлээр хөгжих боломжтой бай гэж судлаачид үзэж байна.
Багийнхан хөгшин сармагчдад гурван жилийн турш метформиныг хэрэглэхэд хөгшрөлт удааширч, мэдрэхүйн эсүүдийн тоо нэмэгдсэн дүн гарсан байна. Метформин нь хүний биед хэрэглэгддэг аюулгүй байдал сайтай эм учраас сонсголын алдагдлын эсрэг эмчилгээний хэрэгсэл болгон судлах боломжтой гэж үзжээ. Гэхдээ цаашид хүн дээр эмнэлзүйн туршилт хийх шаардлагатайг онцолсон байна.
Хөгшрөлтөөс шалтгаалсан сонсголын алдагдал буюу presbycusis нь дэлхий даяар өндөр настай хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд яриа ойлгоход хүндрэл учруулах, нийгмийн харилцааг хязгаарлах, цаашлаад танин мэдэхүйн бууралт, сэтгэцийн асуудалд хүргэх эрсдэлтэй.
Өмнө нь ийм төрлийн судалгаа ихэвчлэн хулгана дээр хийгддэг байсан ч хүний чихний бүтэцтэй төстэй амьтныг судлах нь илүү нарийвчилсан, найдвартай үр дүн өгнө гэж судлаачид тайлбарлажээ. Судалгааны үр дүн Nature Aging сэтгүүлд зургаадугаар сарын 20-нд нийтлэгдсэн бөгөөд судлаачид энэхүү мэдлэгийг ашиглан хувь хүнд тохирсон эмчилгээний шинэ аргуудыг хөгжүүлэх зорилготой байна.
Судалгаанд Бээжингийн Сюанвү эмнэлэг, Хятадын ШУА-ийн Зоологийн хүрээлэн, Шандунгийн Анагаах Ухааны Академи, Зүүн Өмнөд Их сургууль болон АНУ-ын Altos Labs зэрэг байгууллагууд оролцжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн