Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОХУ нүүрсний хямралтай нүүр тулж байна

ОХУ нүүрсний хямралтай нүүр тулж байна
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Оросын уул уурхайн томоохон компаниудын нэг болох Mechel нь нүүрсний салбарын гүн хямралын үед Засгийн газрын санхүүгийн тусламж авч буй анхны үйлдвэрлэгч боллоо. Уг хямрал нь дэлхийн эрэлт огцом унаж буй болон Украины дайны улмаас тавигдсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй юм.
Mechel компани тусламж авсан тухайгаа зарласан ч нүүрсний салбар ойрын хугацаанд борлуулалт эрс багасах сорилттой тулгарч байгааг анхааруулсан байна.
ОХУ нүүрсний олборлолтоор дэлхийд зургаадугаарт бичигддэг ч тус улсын нүүрсний салбар 1990-ээд оноос хойших хамгийн том хямралыг туулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, Эрчим хүч, Цэвэр агаарын судалгааны төвийн шинжээч Исаак Левигийн хэлснээр, улсын дэмжлэггүйгээр Оросын нүүрсний компаниуд дампуурах аюултай байна гэжээ.
Нүүрсний салбар нь газрын тос, байгалийн хийн салбартай харьцуулахад ОХУ-ын ДНБ-д бага хувь нэмэр оруулдаг. Гэсэн хэдий ч нүүрс олборлолтоор амьжиргаагаа залгуулдаг олон зуун мянган ажилчин бүхий ганц салбарт тулгуурласан хотуудад энэ нь маш чухал эдийн засгийн эх үүсвэр юм.
2022 онд Европын Холбоо Оросын нүүрсний импортыг хориглосноор салбарын хувьд хүнд цохилт болсон. Харин Хятад, Энэтхэг зэрэг орнууд уг алдагдлыг бүрэн нөхөөгүй байна. Экспорт буурах нь дайны үед эдийн засгийн олон сорилт давхацсан нөхцөлд Путинд улс төрийн дарамт болж болзошгүй юм.
Mechel компанийн санхүүгийн орлогч захирал Нелли Галеевагийн мэдээлснээр татвар болон нийгмийн даатгалын төлбөрийг 3 жилийн хугацаанд хойшлуулах шийдвэр гарсан ба нийт 13 тэрбум рубль (~166 сая ам.доллар)-ийн дэмжлэг болох аж. Үүнээс гадна сар бүр 500 сая рубль (~6 сая ам.доллар)-ийн хөнгөлөлт бүхий салбарын нийтлэг дэмжлэгийн арга хэмжээнүүд хэрэгжих юм.
Гүйцэтгэх захирал Олег Коржовын хэлснээр, нүүрсний салбар "маш хүнд байдалд" орсон бөгөөд хэдий дэмжлэг авч байгаа ч Mechel компанийн нүүрс нийлүүлэлт 2025 онд 25 хувиар буурна гэжээ.
CREA төвийн Левигийн үзэж байгаагаар хямралын гол шалтгаанууд нь:
  • Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ уналттай,
  • Хятадад гангийн үйлдвэрлэл болон нүүрсний үнэ унасан,
  • Санхүүжилт хязгаарлагдсан,
  • Ложистикийн зардал нэмэгдсэн,
  • Барууны хоригийн улмаас зах зээлд нэвтрэх боломж хумигдсан зэрэг багтаж байна.
Сибирийн Кемерово мужийн Спиридоновская уурхайн үйл ажиллагаа өнгөрсөн сард санхүүжилтгүйн улмаас зогссон нь хямрал улам гүнзгийрч байгааг харуулж байна.
Эдийн засгийн өргөн хүрээний асуудлууд
S&P Global-ийн мэдээлснээр Оросын үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа дайны эхний үеэс хойших хамгийн огцом уналтад оржээ. Тодруулбал, үйлдвэрлэлийн худалдан авагчдын индекс (PMI) 5-р сард 50.2 байсан бол 6-р сард 47.5 болж буурсан нь эдийн засаг агшиж байгааг илтгэнэ.
Хэрэв Оросын нүүрс олборлолт цаашид хумигдаж, төв банк хүүгээ бууруулбал рублийн ханш сулрах боломжтой бөгөөд нүүрсний компанид санхүүгийн дарамтыг багасгаж магадгүй. Гэвч Оросын нүүрсний экспортын ирээдүй Хятадын эрэлтээс шууд хамаарна. Хятадын нүүрсний импортын хэмжээ савлах тохиолдолд салбарын сэргэлт болон үнийн тогтворт байдалд шууд нөлөөлөх юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн