Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Ч.Өнөржаргал: ХХОАТ-ыг шууд 10 хувиас эхлүүлэхгүй, 1–10 хувь хүртэл шатлалтай болгох нь шударга тогтолцоо юм

Ч.Өнөржаргал: ХХОАТ-ыг шууд 10 хувиас эхлүүлэхгүй, 1–10 хувь хүртэл шатлалтай болгох нь шударга тогтолцоо юм
Нийтэлсэн 6 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгож бууруулах иргэний санаачилга долоо хоногийн дотор 100 мянган хүний саналыг авч, УИХ энэ дагуу хуулийн төсөл санаачлаад байгаа билээ. Манай улсын цалингийн үнэлгээ бага бөгөөд үүнээс нь татвар суутгагдахад гар дээр үлдэх мөнгө нь амьжиргааг нь залгуулахад хүндрэлтэй байдаг. ХХОАТ шууд 10 хувиас эхлэх нь хэр оновчтой талаар Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Хувь хүний орлогын албан татвар ямар бүтэцтэй, яаж тооцогддог вэ?
-Хувь хүний орлогын албан татвар нь орлогын хэмжээ ихсэх тусам татварын хувь хэмжээ нэмэгддэг шаталсан тогтолцоотой шууд татварын төрөлд хамаардаг. Энэ нь орлогын өндөр түвшний иргэдэд илүү ачаалал өгдөг бол бага орлоготой иргэдэд харьцангуй бага татвар ногдуулдаг бүтэцтэй. Татварын тогтолцоо ил тод байх зарчимд тулгуурладаг юм. Жишээлбэл, орлогын хэмжээ түүнд ногдох татвар зэргийг иргэд ойлгож, хянах боломжтой байдаг. Харин хэрэглээний татварын хувьд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний татварын хэмжээг нарийн сайн мэддэггүй. Тухайлбал, талх худалдаж авах үед тухайн үнэд татвар аль хэдийн багтсан байдаг.
Манай улсын татварын үндсэн хоёр төрлийн нэг нь хувь хүний орлогын албан татвар бол нөгөө нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар юм. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын бодлогод нөлөөлөх боломж нь нэмэгдсэн бөгөөд үүнийг бизнесийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд олноор бий болсонтой холбон тайлбарлаж болно.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бүтэц ямар вэ. ХХОАТ-тай харьцуулахад тэгш байж чадаж байгаа юу?
-ААНОАТ-ын хувьд тухайн байгууллагын борлуулалтын хэмжээ тодорхой босго давсан эсэхээс хамаарч татварын хувь хэмжээг тогтоодог. Жишээ нь жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалттай бол ашгаасаа нэг хувийн татвар төлнө. Харин 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар ногдуулах боловч үүнийхээ 90 хувийг буцаан авдаг журам ч бий. Орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд ашигт ногдуулах татвар 10 хувь болдог бол 6 тэрбумаас дээш гарсан орлогод 25 хувиар төлдөг. Шинэ хуулийн төсөлд 10 тэрбум төгрөг хүртэлх орлогод 10 хувь, түүнээс дээш бол 25 хувийн татвар ногдуулах зохицуулалт тусгагджээ.
Гэвч нийт төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг ХХОАТ нь ихэнхдээ зөвхөн цалингийн орлогоос бүрдэж байгаа нь гол асуудал юм. ХХОАТ-аар төвлөрч буй орлогын 84–85 хувь нь зөвхөн цалингийн орлогоос бүрдүүлдэг. Үүний цаана хувьдаа бизнес эрхэлдэг, хөрөнгөө түрээслүүлдэг, эсвэл албан бус орлого олж буй иргэд бүртгэлгүй, тайлагналгүй, татвар төлөхгүй байна гэсэн үг. Бидний эргэн тойронд нүүрс тээвэр, гар утас, автомашины худалдаа зэрэг хувийн бизнес эрхэлж буй иргэд олон байгаа ч тэдгээрээс татвар авах, бүртгэлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас татварын суурь хангалттай өргөжихгүй байна гэсэн үг юм.
quote photo
ХХОАТ буюу цалингийн татварыг шууд 10 хувиас эхэлж байгааг зөв зүйл гэж бодохгүй байна.
ААН-ийн татварын системийг бусад улстай харьцуулбал ойролцоо түвшинд байгаа ч хувь хүний орлогын шатлалын татварын ачаалал өндөр байна. Жилийн 120 сая төгрөгийн орлоготой хүний татвар 10 хувь, 120–180 саяын хооронд бол 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш бол 20 хувийн татвар ногдож байна. Харин ААН-ийн татварын шатлал хэдэн тэрбумаар яригдаж байхад хувь хүний цалинтай харьцуулшгүй бага татвар ногдуулж буй нь ачааллын хувьд тэнцвэргүй байгааг харуулж байгаа юм.
Нэг байгууллагын менежер эсвэл удирдлага нь сарын 10 сая орчим төгрөгийн орлоготой байхад ногдуулах татвар 10 хувь байгаа нь дарамт болж байна. Эдгээр хүмүүс тухайн түвшинд хүрэхийн тулд олон жил суралцаж, мэргэжлийн ур чадвар эзэмшиж, цаг хугацаа, эрүүл мэнд, гэр бүлийн орчноо золиослон байж хүрсэн байдаг. Тиймээс энэ түвшний мэргэжилтнүүдийг татварын бодлогоор бага ч болов дэмжих нь зүйтэй. Шууд 10 хувиас эхлүүлж байхаас илүүтэй 1–10 хувь хүртэл шатлалтай байх нь илүү шударга тогтолцоо болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад өндөр цалинтай ажиллаж байгаа гадаадын иргэдийн орлого манай дотоодын иргэдийнхээс 10–20 дахин их байхад адилхан хувь хэмжээтэй татвар ногдуулж байгаа нь шударга бус байдал үүсгэдэг. Энэ тохиолдолд шаталсан татварын систем зайлшгүй хэрэгтэй. Зарим улс орны хувьд жишээ нь БНСУ, БНХАУ бүх төрлийн орлогыг нэгтгэн шаталсан байдлаар татвар ногдуулдаг ба дараагийн шатлалд хүрэх орлогын хэмжээ маш өндөр босготой байдаг. Манай улсын хувьд, харин дөнгөж 120 сая төгрөгийн орлогоос шатлал нэмэгдэж эхэлдэг нь харьцангуй доогуур босго бөгөөд иргэд, нягтлан бодогчдод илүү ачаалал үүсгэдэг юм.
-Татварын тогтолцооны сул тал нь иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-ХХОАТ нь орон нутгийн төсвийн үндсэн эх үүсвэр болох тул нийслэл хотод төвлөрсөн бүх татвар Улаанбаатарын төсөвт хуримтлагддаг. Үүнийг дагаад нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд орлогын татварын ачаалал нэмэгдэж байна. Тухайлбал, нийслэлийн нэг хувийн татварыг хоёр хувь болгосон нь нийтийн үйлчилгээ, ресторан, авто угаалга зэрэг үйлчилгээний байгууллагын мөнгөн урсгалд шууд нөлөөлж, ААНОАТ-аас ч их дарамт болж байгаа юм.
Шинэ хуулийн төсөлд 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлж, 80 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан боловч энэ тогтмол тоо инфляц өсөхийн хэрээр ач холбогдлоо алдах болно. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд бага орлоготой иргэдэд урамшуулал олгох төсөл дэвшүүлсэн нь дэмжихүйц санаа юм. Тухайлбал, 500 мянга хүртэл орлоготой иргэд НӨАТ-аа 100 хувь буцаан авах, 800 мянга хүртэл орлоготой бол 80 хувийг буцаан авах, түүнээс дээш бол 20 хувийг буцаан авах тогтолцоо нь бага орлоготой иргэдэд бодит дэмжлэг болох боломжтой. Гэхдээ одоо мөрдөгдөж буй тогтолцооны хувьд, их худалдан авалт хийдэг өндөр орлоготой хэсэг л их хэмжээний НӨАТ буцаан авдаг бол бага орлоготой иргэдийн худалдан авалт нь үндсэн хүнсний бүтээгдэхүүнд төвлөрдөг тул урамшуулал авах нөхцөл үүсдэггүй. Иймд татварын бодлого орлогын түвшинтэй уялдсан байх шаардлагатай.
Бусад орнуудад татварын тооцоололд зарим төрлийн зардлыг жишээ нь орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн асаргаа зэрэг төлбөрийг суутгах боломж олгодог. Манай улсын хувьд тийм биш юм. Иймээс хөдөлмөрийн насныхныг дэмжсэн, тогтмол орлоготой иргэдэд илүү хандсан бодлого хэрэгтэй байна. Эцэст нь манай улсын хөдөлмөрийн үнэлгээ бага, үйлдвэрлэлийн бүтээмж сул, дотоод зах зээл хязгаарлагдмал тул цалин бага, татвар өндөр байснаар бодит орлого буурч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, эдийн засгийн дарамт улам нэмэгдсэн. Тиймээс татварын шинэчлэлийг тодорхой, оновчтой, тогтвортой байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн