Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Монголын арилжааны банкнууд гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална

Монголын арилжааны банкнууд гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална
Нийтэлсэн 24 цагийн өмнө
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төсөл боловсруулах асуудлыг хэлэлцэн, дэмжсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, “Бидний арга барил буруу тийшээ яваад байна. Утааг бууруулъя гэхээр яндан, зуух, түлш, дотоод орчны агаар шүүгчтэй ажилладаг. Зээлийн хүүг бууруулъя гэхээр бодлогын хүү яриад эхэлдэг. Зээлийн хүү бол эдийн засгийн суурь илэрхийлэл. Үүнтэй механикаар тэмцэх гээд тогтоол гаргаад байдаг ч үр дүн гардаггүй. Бодлогын хүү, инфляцын балансыг барьж явах нь хэцүү. Монголбанк Монголын банкнуудыг төрөлжүүлэх талаар юу хийх вэ хэмээн асуусан. Мөн санхүүгийн салбар, банкны ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлсэн бэ" гэдгийг Монголбанкнаас тодруулав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Манай улс 1991 онд Банкны тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төв банк, арилжааны банк хоёр нь нэг хуультай байсан бөгөөд 1996 Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуультай болсон. Хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, үнэт цаасны зах дээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин бий болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дотоодоос ч, гаднаас авах хүсэлт гаргаагүй байна байна.
Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 12 банк ижил үйл ажиллагаатай байгаа. Гадны орнуудад худалдааны банк, барилгын банк, замынх гэх мэт төрөлжсөн байна. Тэгэхлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага гарна гэж Төв банкны зүгээс харж байгаа. 2021 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад банкийг нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж, нэг хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоосон. Үүний дагуу 2023 онд арилжааны таван банк хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлж зайлшгүй шаардлага байгаа ч хөрөнгийн зах дээрээс нэмж хөрөнгө босгох боломж нь гүйцсэн байна. Учир нь хувьцааны үнэ ханш хөдөлгөөнгүй болсон. Нэмж хувьцаа авъя гэсэн хүсэлт орж ирэхгүй байгаа. Гадны зах зээл рүү гарахаар манай банкнууд Нью-Иорк, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид нэмж хувьцаа гаргахаар ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулагчид 20 хувь гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрвээ хяналтын багц буюу Компанийн тухай хуульд заасан 33 хувийг авахгүй юм бол Монголын банкнаас хувьцаа авах шаардлагагүй гэдэг. Тиймээс хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаач гэсэн хүсэлт тавьдаг" гэлээ. 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн