Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Монголбанк: Гадаад валютын албан нөөц өсөж, 5.2 тэрбум доллар болсон

Монголбанк: Гадаад валютын албан нөөц өсөж, 5.2 тэрбум доллар болсон
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр УИХ-ын чуулганд мэдээлэл өгөхдөө гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллар болсон гэж хэлсэн нь "андуурал байсан" гэж Монголбанкнаас мэдээллээ.
Учир нь, Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 0.24, жилийн өмнөхөөс 7.5 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын албан нөөц нь зохистой хэмжээнд буюу импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна гэсэн үг. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн асуултад хариулахдаа андуурч хэлсэн байна.
Сүүлийн хагаст нүүрсний үнийн бууралтаас шалтгаалт экспортын орлого хумигдаж, нөгөө талд хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор валютын нөөц буурах эрсдэл бий. Гэхдээ Монголбанкны зүгээс валютын нөөцөө зохистой хэмжээнд удирдах бөгөөд сүүлийн хагас жил алтны тушаалтыг идэвхжүүлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллах аж. Алт нь валютын нөөц бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй металл юм. Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөж байгаа үеийг ашиглаж Монгол Улс Алт-3 аяныг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. УИХ-аар Алт-3 аяныг хэрэгжүүлэх тогтоолыг батлагдвал 3 тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Ингэснээр алт тушаалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж тооцож буй. Монголбанк жилд дунджаар 20 тонн алт худалдан авбал валютын нөөц 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн