Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад ирэх 10 жилийн хугацаанд татварын бодлогоор дамжуулан чихэрлэг ундаа, согтууруулах ундаа, тамхины үнийг 50 хувиар нэмэгдүүлэхийг уриаллаа. Тус байгууллага үүнийгээ олон нийтийн архаг өвчлөлийг бууруулах зорилготой хамгийн хүчтэй дэмжлэг бүхий санаачилга гэж онцолсон юм.
ДЭМБ-ын үзэж буйгаар ийм төрлийн татвар нь чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар зэрэг өвчин үүсгэгч бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын зэрэгцээ хөгжлийн тусламж багасаж, төрийн өр нэмэгдэж буй энэ үед нэмэлт төсвийн эх үүсвэр бүрдүүлэх үр дүнтэй арга болох аж.
“Эрүүл мэндийн татвар бол бидний хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийн нэг. Одоо л арга хэмжээ авах цаг нь ирлээ” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс сэргийлэх асуудал хариуцсан орлогч захирал Жереми Фаррар мэдэгдэв.
Энэхүү санаачилгыг “3 by 35” хэмээн нэрлэж, Испанийн Севиль хотноо болж буй НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн бага хурал дээр албан ёсоор танилцуулжээ. ДЭМБ-ын тооцоогоор энэхүү татварын санаачилга нь Колумб, Өмнөд Африк зэрэг улс орнуудын жишээн дээр үндэслэн 2035 он гэхэд дэлхий даяар нийт 1 их наяд ам.долларын орлого олох боломжтой гэж үзэж байна.
Тамхинд ногдуулах татвар, үнийн өсөлтийг ДЭМБ олон арван жилийн турш дэмжиж ирсэн бол сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, чихэрлэг ундаанд татвар ногдуулахыг мөн санал болгох болсон. Харин энэ удаа гурван төрлийн бүтээгдэхүүнд зэрэг ийнхүү үнийн өсөлтийн тодорхой зорилт тавьж байгаа нь анх удаа юм.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус хурлын үеэр хэлэхдээ “Эдгээр татварын орлого нь улс орнуудыг шинэ нөхцөл байдалд дасан зохицож, эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэхэд тусална” хэмээжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр 2012–2022 оны хооронд дэлхийн 140 орон тамхины татвар болон үнийг дунджаар 50 гаруй хувиар нэмэгдүүлжээ. Сандовалын хэлснээр тус байгууллага нь ойрын саруудад хэт боловсруулсан хүнсний талаарх тодорхойлолтоо баталсны дараа энэ төрлийн хүнсэнд татвар ногдуулах асуудлыг ч хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч энэ салбарын компаниудын эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр гэдгийг онцолсон байна.
Энэхүү санаачилгыг Bloomberg Philanthropies, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) мөн дэмжиж байгаа бөгөөд татварын бодлого хэрэгжүүлэх сонирхолтой орнуудад бодлогын дэмжлэг үзүүлэх юм байна.