Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том мөрдөн шалгалт эхэлж, 120 прокуророос бүрдэх гурван баг ерөнхийлөгч асан Юн Сук Ёл болон эхнэр Ким Гон Хи нарыг мөрдөн шалгаж байна.
Лхагва гарагт хоёр тусгай мөрдөн шалгах баг шинээр байгуулсан бөгөөд нэг нь Ким Гон Хи-тэй холбоотой хэргүүдийг, нөгөөх нь 2023 оны үерийн үеэр аврах ажиллагааны явцад амь үрэгдсэн тэнгисийн цэргийн алба хаагч Чэ Су Гүний хэрэгт Юн Сук Ёл оролцсон эсэхийг шалгаж эхэлжээ.
Өмнөд Солонгост тусгай прокуроруудыг өндөр албан тушаалтнуудтай холбоотой, улс төрийн төвийг сахих шаардлагатай хэрэгт томилдог. Үндэсний Ассамблей баталсан тохиолдолд ерөнхийлөгч сонгогдсон нэр дэвшигчдээс нэгийг нь тусгай прокуророор томилдог тогтолцоотой.
Юн Сук Ёлыг төрийн эсрэг гэмт хэрэг болон урвах гэмт хэргээр шалгаж буй гурав дахь тусгай прокурорын баг өнгөрсөн сард ажлаа эхэлсэн. Ингэснээр нэгэн зэрэг гурван өөр мөрдөн шалгах баг ерөнхийлөгч асан болон түүний эхнэртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.
Энэ нь 1999 онд тусгай прокурорын тогтолцоо нэвтрүүлснээс хойш анх удаа гурван тусдаа мөрдөн байцаалт зэрэг явагдаж буй тохиолдол бөгөөд тус улсын түүхэнд хамгийн том, урт хугацааны мөрдөн шалгалт юм.
Юн Сук Ёлыг төрийн эсрэг гэмт хэргээр мөрдөн шалгаж байна
Гурван багийн хамгийн том нь 60 прокурортойгоор 150 хүртэл хоног ажиллах бөгөөд 2014 оны “Севол” хөлөг онгоцны ослын мөрдөн байцаалтыг удирдаж байсан прокурор Чо Ын Сок ахалж байна. Тэд Юн Сук Ёлын өнгөрсөн арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласан үйлдэл нь хууль бус байсан эсэхийг шалгаж байгаа бөгөөд валютын хууль зөрчсөн эсэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч мөрдөн шалгалтад хамрагдаж байна.
Мөн 2024 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын дрон Хойд Солонгосын агаарын хилд нэвтэрсэн гэх мэдээллийг Юн ашиглан нөхцөл байдлыг зориудаар хурцатгасан, үүнийг ашиглан цэргийн байдал зарласан байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байна.
Энэ хэргийн хувьд ял шийтгэлийн хувьд хамгийн хүнд нь аж. Тус улсад төрийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноох боломжтой байдаг ба тагнуулын шинжтэй хэргүүдэд 3 жилээс бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.
Лхагва гарагт хуучин Ерөнхий сайд Хан Дог Су, Аж үйлдвэрийн сайд Ан Дог Гын нарыг энэ хэрэгтэй холбогдуулан байцаажээ. Мөн шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн сайд Ю Санг Им цэргийн онц байдал зарласан өдрийн өмнөх Засгийн газрын хуралд оролцоогүй ч маргааш нь болсон цуцлах хурлын үед оролцсон тул байцаагдсан байна.
Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г хувьцааны үнийн манипуляци, авлига, сонгуульд оролцсон гэх хэрэгт сэжиглэж байна
Ким Гон Хи-гийн эсрэг 16 төрлийн гэмт хэргийг прокурорууд тогтоосон бөгөөд хамгийн ноцтой нь “Deutsch Motors” компанийн хувьцааны үнийн манипуляцитай холбоотой хэрэг юм. 2009–2012 онд 91 хүний нэр дээр бүртгэлтэй 157 дансаар дамжуулан BMW автомашины дилер компанийн хувьцааны үнийг зохиомлоор өсгөсөн хэрэг гарсан бөгөөд энэ хэргийг Дээд шүүх баталсан.
Мөн тансаг гар цүнх, алмаазан зүүлт зэрэг үнэт бэлэг авсан, нөхрийнхөө ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үед лобби бүлгүүдийн дамжуулан нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтад хууль бусаар оролцсон гэх хэргүүдэд шалгагдаж байна.
Сөүлийн төв шүүхийн шүүгч асан Мин Жон Ки-гийн удирдаж буй баг 110 хоног ажиллах бөгөөд 30 хоногоор хоёр удаа сунгах боломжтой. 40 прокуророос бүрдэх энэхүү багийг хэрэг тус бүрийн дагуу жижиг баг болгон хуваан ажиллуулж байна.
Авлига, мөрдөн шалгалтад саад учруулах, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэг
2023 оны долдугаар сард үерийн дараах эрэн хайх ажиллагааны үеэр 20 настай тэнгисийн цэргийн алба хаагч Чэ Су Гүн хүчтэй урсгалд автан амиа алджээ. Түүнийг 14 цагийн дараа олсон байна.
Хэрэг явдлын дараа Юн Сук Ёл энэ асуудлыг удирдлагуудтай хэлэлцэхдээ ууртай хандсан бөгөөд “Ийм асуудлаар захирагчийг шийтгэвэл хэн удирдагч болох вэ?” хэмээн хэлсэн гэх мэдээлэл гарсан.
Юн Сог Ёлыг энэ хэрэгт хэт оролцсон, нуун дарагдуулсан, холбогдох хүмүүст дарамт шахалт үзүүлсэн, баримтыг өөрчилсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдээр шалгаж байна. Цэргийн шүүгч хурандаа асан И Мён Хён ахалж буй баг 140 хоног ажиллах бөгөөд 20 прокурор ажиллаж байна.