Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

О.Батхүү: Монгол Улсын төр засаг иргэдээ гэмт хэрэгтэн болгох зам руу хөтөлж байна

О.Батхүү: Монгол Улсын төр засаг иргэдээ гэмт хэрэгтэн болгох зам руу хөтөлж байна
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Хуульч О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгөө өмнө нь худалдан авсан үнээсээ бууруулж зарж болохгүй" гэх хууль батлагдсаныг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдэд хүний эрхэд халдсан, зах зээлийн эдийн засгийг боомилсон, зөвхөн татвар авах зорилгоор баталсан коммунист хуулийг хүчингүй болгож өгөөч гэж уриаллаа.
Хуульч О.Батхүү: УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах нэртэй хуулийг батлахдаа УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай журмын дагуу хэлэлцэж, баталсан. Яаралтай журмаар хууль хэлэлцэж батална гэдэг нь олон нийтэд танилцуулахгүй, санал авахгүй, тооцоо, судалгаа хийхгүй 7-10 хоногийн дотор хийгддэг процесс. Энэ хуулийг батлахдаа зэрэгцүүлээд 26 хуульд дагалдуулж нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр хуулийн хулгай явчихлаа гэж харж байгаа. Дагалдуулж баталсан 26 хуулийн дотор хүн өөрийн өмч хөрөнгийг өмнө нь авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэдэг хуулийн өөрчлөлт батлагдсан. Иргэдийн дунд маш их шүүмжлэл дагуулсан учраас Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэц 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд энэ хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Ингэхдээ хүний өмчлөх эрхэд шууд халдсан байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг мэдээлэл гаргагч дөрвөн иргэнд хүргүүлсэн, хуулиараа 24 цагийн дотор УИХ-д хүргүүлэх ёстой. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авбал хуулийн үйлчлэл зогсоно. Харин хүлээж авахгүй гэвэл их суудлын хуралдаанаар хэлэлцэх болно. 
Энэ хуулийг анхнаасаа татвар авах зорилгоор баталсан гэж харж байгаа. Учир нь та өөрийнхөө 100 сая төгрөгөөр худалдаж авсан байрыг мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед 90 сая, түүнээс доош үнээр зарах боломжгүй болсон. Яагаад гэвэл авсан үнээсээ өндөр үнээр зарахгүй бол нэрийг нь шилжүүлэхгүй гэсэн агуулгатай. Энэ бол 1992 оноос гарсан хүний эрхийн хамгийн том зөрчил. Яагаад өөрийнхөө хөрөнгийг зарахын тулд хүнээс асуух ёстой вэ, хэдээр зарахыг нь УИХ-ын 126 гишүүн хэлэх вэ. Миний өмч шүү дээ. 
Энэ асуудалд Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авсан. Өдөрт энэ хуультай холбоотойгоор 80-90 хүнийг буцаадаг гэж байна. 
Энэ хуулийг батлуулахад гишүүд асуулт асуугаагүй, санал хэлээгүй. Яагаад гэвэл энэ хууль Улаанбаатар хотыг барилгажуулах, дахин төлөвлөлт хийх, түгжрэлийг арилгахын тулд гэж хэлээд, дагалдах хуульдаа өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ хууль Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт үйлчлэх болсон. Улаанбаатар хотын түгжрэл орон нутагт амьдарч байгаа иргэд өөрийн өмчөө зарахад ямар хамаатай вэ. 
Энэ хуулиас болоод хүмүүс хуурамч гэрээ хийдэг болсон. Миний таньдаг ах хүүхэд нь гадагшаа явах гээд 50 сая төгрөгөөр авсан гараашаа 40 саяд зарж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар очихоор бүртгэж авахгүй болохоор 40 сая төгрөгөөр зарж байгаагаа 50 сая болгож хуурамч гэрээ хийсэн. Ингээд Улсын бүртгэлд өгөхөд 50 сая төгрөгөөс татвараа аваад гэрчилгээг нь шилжүүлж өгдөг. Энэ бол Эрүүгийн хуульд заасан бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг. Үүнээс олж ирсэн орлогоо хүүхдийнхээ замын зардал, хоол, сургалтын төлбөрт зарцуулбал мөнгө угаах гэмт хэрэг болно. Ингэхээр Монгол Улсын төр засаг иргэдээ гэмт хэрэгтэн болгох зам руу хөтөлж байна. 
Хамгийн гол нь энэ бол Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг боомилж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсдөг гэдэг ч буух үе бас бий. Үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тодорхойлдог. Тухайн хөрөнгийн эзэн буюу өмчлөгч нь шийддэг. Гэтэл манайд хуульд тусгаад заавал үнэтэй зар, дандаа өсдөг өндөр татвар төл. Ингэхгүй бол нэрийг нь шилжүүлэхгүй гэж байна. 
Үүнээс болоод банкны барьцаанд хураагдсан хөрөнгүүд зарагдахгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн журмаар дуудлага худалдаанд оруулаад зарагдахгүй бол дараагийн удаа үнэ ханшийг нь бууруулдаг. Зарагдахгүй бол үнийг нь буулгаад л байдаг. Энэ дэлхийн нийтэд байдаг жишиг. 
Дараагийн асуудал нь энэ хуулийг хэрэглэж болох нэг арга байна. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээгээ гаргуулах гэнэ. Тэгэхээр хөдөө орон  нутагт байгаа яаралтай мөнгөний хэрэг гарсан хүмүүс яаж үнэлгээчнийг дуудах уу. Ер нь үнэлгээчин хэд ч гэж үнэлсэн миний хөрөнгө учраас үнийг нь ихэсгэх, багасгах нь өөрийн л асуудал байх ёстой. 
Нэгдүгээрт, энэ хуулийн үйлчлэл зургаадугаар сарын 6-наас эхлээд түдгэлзсэн байгаа. Тэгэхээр өмч хөрөнгөө зарж, эргэлтэд оруулмаар байгаа хүмүүс хурдан оруулаарай.
Хоёрдугаарт, иргэдээ та нарын сонгосон гишүүд ийм хууль баталжээ. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нь буруу хууль баталбал түүнийг нь засдаг механизм ажиллаад ҮХЦ дүгнэлт гаргажээ. Иймээс гишүүдэд хүний эрхэд халдсан, зах зээлийн эдийн засгийг боомилсон, зөвхөн татвар авах зорилгоор баталсан коммунист хуулийг хүчингүй болгож өгөөч гэж уриалмаар байна. Амьдрал, бизнес зогсох гээд байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн