Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн бодлогод өөрчлөлт оруулж, зээлийн өр орлогын харьцааг 70:30 байсныг 50:50 болгон өөрчилсөн. Энэ шийдвэрийг зарим ахмад эсэргүүцэж суулт зарласан юм. Өнөөдөр /2025.07.03-нд/ ахмадууд тэтгэврийн зээлийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө.
Ахмадууд “Бид зээл тэглэх, тэтгэвэр нэмэхийг шаардаагүй юм. Зөвхөн шударга байж, зөв бодлого хэрэгжүүлэхийг л шаардаж байна. Ахмадуудыг орлого багатай, өртэй гэж харж болох ч бидний дунд эдийн засагч, хуульч зэрэг мэдлэг боловсролтой хүмүүс олон бий. Монголбанк инфляц өссөн тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр тийм биш юм. Энэхүү тэтгэврийн зээлийг 50:50 хувь болгосон шийдвэр нь бидний амьдралд дарамт болж байна.
Бид тэмцлийн хүрээнд 1000 орчим ахмадаас гарын үсэг биечлэн цуглуулж, цахимаар 33,000 ахмадын гарын үсгийг цуглуулаад байна. Ахмадууд зургаадугаар сарын 16-наас Монголбанкны гадаа суултаа эхлүүлсэн. Бидний шаардлага улс төрийн зорилготой биш, зөвхөн шударга ёс, эрх тэгш боломжийг л шаардаж байна.
Гадаадын орнуудад тэтгэврийн зээл нь бага хүүтэй, хязгаарлалтгүй, тусгай нөхцөлтэй байдаг. Ахмадууд нь аялж, амарч, урт насалж байна. Харин манай улсад тэтгэврийн насныхныг дарамталж, өрөнд оруулах шийдвэр л гаргадаг. Биднийг улс төр сонирхдоггүй гэж бодож болох ч төр засаг бидний амьдралд оролцож байна. Тиймээс анхаарал хандуулахгүй л бол болохгүй нөхцөл үүссэн. УИХ-ын гишүүд, Төрийн тэргүүн, ахмад настны асуудал хариуцсан албан тушаалтнууд бидэнд анхаарал хандуулсан уулзалт огт хийсэнгүй. Бид нар хардах эрхтэй. Нийгмийн даатгалын сан хоосорсон юм шиг байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван бид нартай уулзахдаа хэлсэн. "Банк хоосорсон байвал яах уу" гэж хэлсэн. Тэгвэл арилжааны банкууд нь хоосорсон юм бол гаднын банк оруулж ир л дээ. Хүү багатай.
Удахгүй Үндэсний их баяр наадам эхэлж, төрийн удирдлагууд амраад явчвал энэ асуудал намжиж, мартагдах болно. УИХ-ын гишүүдээс гадаа гарч ирэхээрээ биднийг даралт нь ихсээд унаад өгөх вий одоо болих хэрэгтэй гэж нэг л их санаа тавьж байгаа царайлаад ордон дотор орохоороо чив чимээгүй. Юу ч ярихгүй байна. Тиймээс бид шийдэл гарахгүй бол долдугаар сарын 7-ны өдрөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бид Монголбанкны удирдлагуудын хөрөнгө, орлогын талаар судлаад асуудлыг нь гаргаад ирж чадна шүү. Ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр бидний төлөө дуугарах хэрэгтэй байна" гэсэн юм.