Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Бичил тээврийн хэрэгслийн тоо, хэрэглээ өсөж байгаа ч зохицуулах эрх зүйн орчин алга

Бичил тээврийн хэрэгслийн тоо, хэрэглээ өсөж байгаа ч зохицуулах эрх зүйн орчин алга
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ, ялангуяа скүүтер, цахилгаан дугуй зэрэг бичил тээврийн хэрэгслүүдийн тоо огцом нэмэгдэж байна. Энэхүү өсөлттэй зэрэгцэн зам тээврийн осол, иргэдийн бэртэл гэмтлийн тоо ч мөн адил нэмэгдээд байгаа юм.
Үүний гол шалтгаануудын нэг нь цахилгаан тээврийн хэрэгслүүдэд зориулсан тусгай зам, дэд бүтэц хангалтгүй, төрөөс тодорхой зохицуулалт, хяналт сул байгаатай холбоотой. Мөн жолооч, явган зорчигч, бичил тээврийн хэрэглэгчдийн хооронд ойлголцол муу, цахилгаан тээврийн хэрэгслийг хэрхэн зөв, аюулгүй ашиглах талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хангалтгүй хэвээр байна. Үүн дээр нэмэгдээд замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй зэрэг зөрчлүүдээс шалтгаалан иргэд осолд өртөх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол улам нэмэгдсээр байна. Иймд бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг зөв зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, дэд бүтцийг сайжруулах, мөн иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
undefined
2024 оны байдлаар Улаанбаатар хотод цахилгаан тээврийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй гурван компани бий. Үүнд:
  • "Жет Шэйринг Монголиа" ХХК – "Жет" нэртэй 6000 орчим цахилгаан скүүтертэй
  • "Ви Эм Си Групп" ХХК – "Табо" нэртэй 1500 орчим скүүтертэй
  • "Эко байк" ХХК – "Эко байк" нэртэй 1000 орчим цахилгаан дугуйтай үйлчилгээ үзүүлж байна.
Жишээлбэл, Табо үйлчилгээ 520,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд зөвхөн 2024 онд л гэхэд 896,000 гаруй скүүтерийн түрээс бүртгэгджээ.
"Жет Шэйринг Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг: Манай компани 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд анхны жилдээ 226,864 түрээс бүртгэгдсэн бол 2023 онд энэ тоо 958,275 болж өссөн нь уг үйлчилгээний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгааг илтгэж байна. Монголын нийт хүн амын 68 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа. Сүүлийн 15 жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын хүн ам 40 гаруй хувиар өссөн байна. Энэ нь замын ачаалал, түгжрэлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ үүсэх нөхцөл бий болсон.
Бичил тээврийн хэрэгсэл гэж нэгээс хоёр хүний багтаамжтай, жижиг оврын цахилгаан болон механик хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хэлдэг. Үүнд цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, унадаг дугуй зэрэг орно. Эдгээр нь хотын төв болон орон сууцны хорооллууд хооронд, богино зайнд зорчих хэрэгцээг хангах, нийтийн тээврээс алслагдсан бүсэд амьдардаг иргэдийн сүүлийн нэг км буюу эцсийн цэгтээ хүрэх хэрэгцээг шийдэхэд тустай юм. Мөн шөнийн цагаар нийтийн тээврийн хэрэгслүүд зогссоны дараа ажил нь тардаг иргэдэд хэрэг болох давуу талтай. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүртэй, байгальд ээлтэй энэ төрлийн тээврийн хэрэгслийг хэрэглэснээр агаарын бохирдол болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байна. Цаашид бичил тээврийн хэрэгслийг аюулгүй, үр ашигтай ашиглахын тулд зориулалтын зам, тусгай зурвас бүхий дэд бүтцийг бий болгох, мөн иргэдэд энэ талаар мэдээлэл олгох хэрэгцээ хэрэгтэй байгаа юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн