Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 3х3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Канадын иргэн Стив Сирийг "Найрамдал" одонгоор шагнасан билээ. Ингээд түүний тэмцээний үеэр ашигласан тактик, төрийн одон медалиар шагнуулсан сэтгэгдлээ хувцаалцаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Энэхүү шагналыг авсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Эмэгтэй тамирчдаараа маш их бахархаж, баярлаж байна. Тэд үнэхээр онцгой зүйлд хүрч чадлаа. Энд байгаа бүх хүн тэднийг хүлээн зөвшөөрч, үнэлж байгааг харах гайхамшигтай байна. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн аваргад гаргасан тэдний амжилтыг Монгол Улс даяараа тэмдэглэж байгааг хараад онцгой мэдрэмж төрж байна. Тэд үнэхээр гайхалтай. Бас маш сайн эмэгтэйчүүдийн баг. Тэд энэ бүхнийг бүрэн дүүрэн хүртэх ёстой.
-Та багаа хэрхэн дасгалжуулсан бэ. Ямар арга барил, тактик ашигласан талаараа хуваалцаж болох уу?
-Бүх байж болох боломжийг нь дайчилж, бэлтгэлийг нь маш хүнд байлгахыг зорьсон. Тэгж байж тэмцээн дээр очоод дэлхийн шилдэг Герман, Америк, Хятад, Польшийн багтай өрсөлдөх чадвартай болно. Бэлтгэлээ бодит тоглолтын адил хүнд, ширүүн, сорилттой байх ёстой гэж үзсэн.
Тиймээс хичээл зүтгэлийг нь үнэлүүлэхийн тулд охидоор маш хүнд бэлтгэл хийлгүүлсэн. Охид ч үнэхээр шаргуу хичээсэн. Мөн багуудыг судлах, өрсөлдөгч багуудын тоглолтын хэв маягийг шинжлэх, тоглогчдыг нь таних зэрэг стратегийн бэлтгэл хийсэн. Тэгээд тоглогчдодоо шаардлагатай мэдээллийг нь өгч, хамгийн сайнаараа тоглох боломжийг нь бүрдүүлэхийг зорьсон.
Эмэгтэй тамирчдаараа маш их бахархаж байна. Тэд урьд өмнө нь хэний ч хүрч чадаагүй амжилтад хүрлээ. Бас Монгол Улсын төлөө маш их бахархалтай байна. Энэ бол бүх монголчууд бахархаж, тэмдэглэж, урам авч, эерэг хандлагаар хүлээж авах ёстой зүйл.
Стив Сир
-Та өмнө нь өөр улсад дасгалжуулагч, сургагч багшаар ажиллаж байсан уу?
-Канадад ажиллаж байсан. Бас Европт олон тоглогч хөгжүүлэх хөтөлбөр дээр ажилласан. Монголд ирэхээс өмнө Канаддаа 3х3 сагсан бөмбөг тоглохын сацуу дасгалжуулагч хийж байсан. Миний нэлээд туршлагатай салбар гэсэн үг л дээ. Монголд эмэгтэй тамирчидтай ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байгаа.
-Бусад улсын эмэгтэй багуудтай харьцуулахад Монголын эмэгтэй багт ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Бид АНУ, Канад шиг сонгоод авах тийм олон тоглогчтой улс биш. Бидний хувьд тоглогчдын хүрээ хязгаарлагдмал. Тиймээс байгаа тоглогчдоо хөгжүүлж, байнга сайжруулж, өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болтол нь бэлтгэх хэрэгтэй болдог. Шинэ тамирчдыг хольж солих боломжтой томоохон багуудын эсрэг тоглоход манай баг нэлээд тогтвортой байдаг.
Тиймээс байгаа тоглогчидтойгоо маш сайн ажиллах ёстой. Тэднийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шүү дээ. Бид гурван жилийн өмнөх Дэлхийн аваргад Египетийг л нэг удаа хожиж байсан. Хоёр жилийн өмнө огт хожилгүй ирсэн. Харин өнөөдөр 6 хожил авч, финалд шалгарсан нь тамирчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүн.
-Энэ медалийг авахад хүргэсэн таны арга барил юу байсан бэ?
-Урдах тоглолтдоо байж болох хамгийн сайнаараа бэлдэж төвлөрсөн. Бид энэ тэмцээнд медаль авах гэж биш, тоглолт бүрдээ хамгийн сайн байх зорилготой оролцсон. Тиймээс Бразилтай хийх эхний тоглолтдоо л төвлөрч байсан.
Тэр тоглолтод охид маань ялсан. Дараагийн алхам Испанитай хийх тоглолтдоо бэлдэх байсан. Харин дараагийнх нь Герман, дараа нь Украиныг судалж, бэлтгэл хийсэн. Ингэснээр бид бүрэн дүүрэн тоглож, дараагийн шатанд гарах боломжтой болно. Гэхдээ бид зөвхөн тухайн тоглолтдоо л анхаарсан. Охид үүн дээр сайн ажилласан. Канадтай тоглох уу, үгүй юү гэдгийг огт бодоогүй. Зөвхөн яг одоо тоглох багийг хэрхэн ялах вэ гэдэгтээ л анхаарсан.
-Ерөнхийлөгчөөс шагнал хүлээн авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ерөнхийлөгч хэрхэн улс даяараа тэднийг дэмжиж байгаа болон хүмүүсийн мэдэрсэн баяр хөөр, бахархлын талаар маш сайхан үгсийг охидод хэлсэн. Энэ бол гайхалтай амжилт.
Засгийн газрын дээд түвшинд охидыг үнэлж, тэднийг найз нөхөд, гэр бүл нь угтан авч, баяр хүргэж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Тэдний хувьд их онцгой өдөр тохиож байна. Тийм олон хүнд ийм өдөр тохиогоод байхгүй шүү дээ. Дөрвөн тамирчин маань өөрсдийн хүч хөдөлмөрөөр үүнийг хүртэж байна.
-Ирээдүйн зорилго тань юу вэ. Олимп гэж харж байна уу?
-Магадгүй. Гэхдээ үнэхээр томоос том зорилго шүү дээ. Бид сайжирч чадах уу? 2028 оны Лос Анжелесын олимпод өрсөлдөхийн төлөө хичээсээр байж чадах уу? гээд л. Ийм том зорилгыг биелүүлэхийн тулд замдаа олон жижиг зорилт тавих хэрэгтэй.
Дөрвөн жилийн дараах зорилго хэт хол санагдаж болох ч энэ удаагийн Дэлхийн аваргын мөнгөн медаль тууштай зүтгэсээр байх том урам болж байна. Сүүлийн хоёр жилд бид Азийн аваргын хүрэл медаль, Дэлхийн аваргын мөнгөн медаль авснаар том ахиц гаргалаа. Бид сайжирсаар байна. Сайжрахыг зорьсон учраас л энэ хүртэл ирээд байна. Үүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ.
-Одоогийн багийн бүрэлдэхүүнээрээ тоглох уу. Шинэ гишүүд, шинэ тоглогч нэмэх төлөвлөгөө бий юу?
-Цаг нь ирэхээр харна даа. Одоогоор сайн мэдэхгүй байна.
-Польштой тоглосон тоглолт тэмцээний хамгийн шийдвэрлэх мөч байлаа. Энэ тоглолтод ялалт байгуулахын тулд ямар арга барил, тактик хэрэглэсэн бэ?
-Өмнөх багуудтай хийсэн тоглолттойгоо адил тактик хэрэглэсэн. Польшийн багийг сайтар судалсан. Хэрэв тууштай, шаргуу тоглож чадвал ашиглах боломжтой хэд хэдэн сул тал байна гэж үзсэн. Гэхдээ хүнд тоглолт болох нь тодорхой байсан. Учир нь Польш сайн баг. Тоглогчид ур чадвартай, бас биерхүү.
Гэхдээ бидний хандлага өөрчлөгдөөгүй. Зөвхөн энэ тоглолтдоо л анхаарсан. Хэрвээ бид өөрсдийн хийх ёстой зүйлээ хийгээд, хамаг чадлаараа тоглож чадвал финалд орох боломжтой хамгийн сайн байр сууринд хүрнэ гэж итгэсэн.
Охидод алхам тутамдаа юу хийх ёстойдоо анхаарахыг дахин, дахин сануулсан. Байнга эхний хоёр минутдаа төвлөр гэж хэлж байсан. Учир нь тоглолтын эхний хоёр минутад эсрэг баг маш ширүүн, хамгаалалт нь эрчимтэй байна. Тэгээд л шахаад эхэлнэ. Гэхдээ өөрсдийн байр сууриа хамгаалаад төвлөр, хатуу бай. Хэрвээ эхний хоёр минутын дараа зүгээр байвал бид чадна л гэсэн үг гэж захисан.
Тиймээс охидыг олон юм бодолгүйгээр, өөртөө итгэлтэй болгох жижиг зүйлд анхаар гэж зөвлөсөн. "Зүгээр л эхний хоёр минутад анхаар, хамтдаа хамгийн сайнаараа тогло. Бидэнд тоглох хэд хэдэн тоглолт бий. Үүнийг хамгаалалтад хиймээр байна. Эхлээд зөвхөн эхний хоёр минутдаа л анхаар” гэж хэлж байсан. Тэгээд завсарлага авна, түүний дараа дараагийн хоёр минутад анхааръя гэж хэлсэн.
-Монголчууд таны хийсэн, бүтээсэн ажлыг маш их үнэлж байгаа. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-Эмэгтэй тамирчдын төлөө төдийгүй Монголын сагсан бөмбөгийн спорт, Монголын ард түмний төлөө хийсэн зүйлдээ маш их бахархал төрж, сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл энэ бүх зүйл тэдэнд ямар их утга учиртайг би мэдэж байгаа.
Би дөрөв дэх жилдээ Монголд ажиллаж байна. Хүмүүсийн харж чадахгүй олон зүйлийг бид хийсэн. Ямар ч камер, дуу хураагуур байхгүй учраас. Зүгээр л зааланд ороод шидэлт хийж, хамгаалалт дээр ажиллаж, би тэдэн рүү хашхираад л өдөр бүр жижиг зүйлс дээр ажилласан. Хүмүүсийн тэр бүр харж чадахгүй энэ жижиг зүйлс нийлээд л амжилтад хүргэдэг.
Тиймээс эмэгтэй тамирчдаараа маш их бахархаж байна. Тэд урьд өмнө нь хэний ч хүрч чадаагүй амжилтад хүрлээ. Бас Монгол Улсын төлөө маш их баярлаж, бахархалтай байна. Энэ бол бүх монгол хүн бахархаж, тэмдэглэж, урам авч, эерэг хандлагаар хүлээж авах ёстой зүйл.
Монголд спорт тасралтгүй хөгжиж байна. Сагсан бөмбөг хөгжиж байна. Залуучуудын хувьд энэ бол асар том боломж. Шаргуу хөдөлмөрөөр амьдралд юу өөрчилж болохыг, багийн хамтын ажиллагаа ямар үнэ цэнтэй болохыг ойлгож авч байгаа байх. Тамирчдад ч гадаад явах, өөрсдийгөө хөгжүүлэх, өөртөө гайхамшигтай дурсамж бүтээх боломжуудыг бий болгож байна.
Спорт бол үнэхээр гайхалтай зүйл. Энэ салбарт маш олон хүн залуучуудад ийм боломжуудыг бий болгохоор уйгагүй хөдөлмөрлөж байна. Тиймээс энэ бол үнэхээр баярлах ёстой зүйл.