Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа.
3х3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг энгэртээ гялалзуулж, дахин нэг шинэ түүх бичлээ. Тэдний хамгийн залуу нь Н.Нандинхүсэл. Тэрээр өдгөө 18 настай бөгөөд МУГТ цол тэмдгээр энгэрээ мялаасан хамгийн залуу тамирчин болж байгаа юм.
Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Токио 2020 олимпын 3×3 сагсан бөмбөгийн багийн гишүүн, Үндэсний дээд лигийн аварга, Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Улаанбаатар гран-при тэмцээний аварга, шилдэг тоглогч, Үндэсний дээд лигийн аварга, БХАУ-ын мэргэжлийн лигт тоглосон анхны монгол тамирчин, Токио 2020 олимпын 3×3 сагсан бөмбөгийн багийн гишүүн, Монгол Улсын 3×3, 5×5 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, Улаанбаатар гран-при тэмцээний аварга, Үндэсний дээд лигийн хошой аварга, Монгол Улсын 3×3, 5×5 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний дээд лигийн хошой аварга, Монгол Улсын 3×3, 5×5 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл нарыг тус тус Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор ийнхүү шагналаа.

Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Сирд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Найрамдал" одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд шагналыг гардуулсны дараа үг хэллээ.
Хаана эв нэгдэл байна. Тэнд хүч чадал оршдог. Эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулан, багийн спортын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, бахдам сайхан амжилт гаргалаа
Тэрээр “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхий дахинд өндөр түвшинд хүргэлээ. Сагсан бөмбөгийн ес дэх удаагийн 3×3 ДАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн эрхэм хүндэт тамирчид, багш дасгуулагч та бүхэнд монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч, Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Нийслэлийн ЗДТГ, хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллагуудад гүн талархал илэрхийлж байна. Эх орныхоо сагсан бөмбөгийн спортыг дэлхийн түвшинд гаргахын төлөө Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд эв эетэй байж хичээж зүтгэсний үр дүнд тив дэлхийн хэмжээний олон уралдаан, тэмцээнд гайхам сайхан ажилт үзүүлж, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээж байгаад төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байна.
Хаана эв нэгдэл байна. Тэнд хүч чадал оршдог. Эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулан, багийн спортын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, бахдам сайхан амжилт гаргалаа. Түүхэн амжилт үзүүлсэн багийнхан, багш, дасгалжуулагч, багийн арын албаныхан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, аав ээжид нь баяр хүргэе.
Мөн олимп, дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе. Иймд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 2025 оны Сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-д амжилттай оролцон мөнгө медаль хүртэж Азийн багуудаас хамгийн өндөр амжилт гаргаж, хүүхэд, залуус, ард түмэндээ үзүүлсэн үлгэр дуурайлал, урам зориг, итгэл найдварыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын төр та бүхний хөдөлмөрийг өнөөдөр үнэлж төрийн дээд цол хүртээж байна.
Монгол Улс мөнх тэнгэрийн дор мандан бадраг” гэв.