Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Аялал зугаалгын үеэр байгаль орчиндоо хог хаяхгүй байх нь иргэн бүрийн үүрэг юм

Аялал зугаалгын үеэр байгаль орчиндоо хог хаяхгүй байх нь иргэн бүрийн үүрэг юм
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 1
Аялал жуулчлалын улирал эхэлж, иргэд хөдөө, орон нутгийг зорих хөдөлгөөн улам бүр нэмэгддэг энэ үед байгаль орчны бохирдлын асуудал тулгамдсан сэдэв хэвээр байна. Ялангуяа гол, нуурын эрэг дагуух бүс нутгуудад зугаалахаар очсон иргэд хогоо ил задгай хаях, хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний сав, ундаа, архины шил, гялгар уутаа орхих зэрэг үйлдэл нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулж байгаа юм.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд зарим аялагчид хогоо буцаан авч явах хандлага нэмэгдсэн ч олонх нь аялсан газрынхаа байгалийг бохирдуулсаар байна. Судалгаагаар Туул гол дагуу зургаадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 200 мянга орчим хүн амарч зугаалдаг бөгөөд зөвхөн 2021 онд Богд уул болон Туул голын эргээс 300 гаруй тонн хог хаягдал цэвэрлэн хогийн цэгт хүргэжээ.
Нэг ширхэг гялгар уут хөрсөнд бүрэн шингэхэд 20-1000 жил шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ хугацаанд байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Байгаль хамгаалагчдын мэдээлснээр, үнэг, чоно, шувуу зэрэг амьтад гялгар уут болон хүнсний хогийг залгиснаас болж хордож үхэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. 2023 онд Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс хийсэн судалгаагаар, зуны гурван сард зөвхөн Улаанбаатар орчмын аялал жуулчлалын бүсүүдэд 260 тонн ахуйн хог хаягдал үүссэн нь тогтоогджээ. Үүний 70 орчим хувийг нэг удаагийн сав, гялгар уут, хуванцар бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Хамгийн их бохирдсон газруудад Горхи-Тэрэлж, Хустайн нуруу, Хөвсгөл нуурын эрэг, Гачуурт, Богд уулын амралтын бүсүүд багтжээ.

Тэгвэл гадаадын орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Зарим өндөр хөгжилтэй орнууд байгальд хог хаягдал хаях явдлыг хатуу хууль, бодлогоор зохицуулжээ.
  • Япон улсад иргэн хогоо зориулалтын бус газарт хаясан тохиолдолд 100,000 иенээс дээш торгууль оногдуулдаг бөгөөд камержуулалт сайтай тул хяналт бодитой хэрэгждэг байна. Хогийг төрөл төрлөөр нь ялгаж, дахин боловсруулдаг нь нэг гол давуу тал юм.
  • Швед улс хог хаягдлын 99 хувийг дахин боловсруулдаг байна. Иргэд хогоо ялгаж хаях үүрэгтэй бөгөөд үүнийг зөрчвөл өндөр торгууль ногдуулдаг. Түүнчлэн сургуулийн наснаас нь эхлэн байгальд хог хаяхгүй байх хүмүүжлийг суулгадаг аж.
  • Канад улс аялал жуулчлалын бүсэд хог хаясан этгээдэд 500–2000 канад долларын торгууль оногдуулдаг. Нутгийн захиргаа болон байгаль хамгаалагчид байнга эргүүл хийн, зөрчил гаргасан иргэдийг торгодог байна.
Монгол Улсад хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулахаас гадна иргэн бүрийн ёс зүйн хандлага, ухамсар хамгийн чухал юм. Хүн бүр аялахдаа хогоо эл задгүй хаялгүй, хариуцлагатай, зөв дадалтай байх нь байгальдаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг билээ. Хогоо машинаараа авч явж, зориулалтын хогийн цэгт хаяж хэвших нь иргэний үүрэг төдийгүй эх орондоо хайртай хүн бүрийн ёс зүй юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн