Нийслэл хот өнгөрсөн хугацаанд дотоодод болон гадаад зах зээлээс хэд хэдэн удаа үнэт цаас гаргасан. 798.3 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас гаргасан бол 500 сая ам.долларыг гадаад зах зээлээс босгосон.Тэгвэл босгосон бондын мөнгөнийхөө дийлэнхийг арилжааны банкуудад 24 хүртэлх сарын хугацаатай байршуулсныг Үндэсний аудитын тайланд тусгажээ. Тодруулбал, нийслэл эхний ээлжийн нээлттэй арилжаалсан 500 тэрбум төгрөгийн бондынхоо 300 тэрбумыг 14 хувийг хүүтэй босгосон бөгөөд энэ санхүүжилтийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулжээ. 13 хувийн хүүтэй босгосон 100 тэрбум төгрөгийг зам засвар арчилгаанд, 12 хувийн хүүтэй босгосон 100 тэрбумыг мөн зам засвар арчилгаанд зарцуулжээ. Харин нэмэлтээр 300 орчим тэрбум төгрөгийн бонд босгосон бөгөөд энэ бүх бондын хүүгийн төлбөрт 33.4 тэрбум төгрөг төлсөн байна. Дотоодын зах зээлээс 1.5 жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй үнэт цаас гаргаж зам засвар, арчилгаа, батарей хуримтлалын станц барих төсөлд зарцуулахаар төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуультай нийцээгүй гэж Үндэсний аудит дүгнэсэн байна.Харин гадаад бондын тухайд 500 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн гадаад үнэт цаасыг 7.75 хувийн хүүтэй босгосон. Үүгээр Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлнэ гэж байсан. Харин тус төсөл эхлээгүй шалтгааныг аудитын дүгнэлтэд 400 сая ам.долларыг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн ханшаар тооцож 1.329 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 6-24 сарын хугацаатай, жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй байршуулсан. Харин үлдэгдэл 100 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банкинд 24 сарын хугацаатай жилийн 8.05 хувийн хүүтэй валютын хадгаламжид байршуулжээ. Жилийн эцэст арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэсэн боловч хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөг, ханшийн зөрүүнээс 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, бондын эх үүсвэрийг ашиглаагүй 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.