“Улаанбаатар метро” төсөл нь Их Британийн төмөр замын салбарынхны анхаарлыг татаж, хоёр улсын хооронд хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэж буйг Английн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолжээ.
Их Британийн Уорикшир мужид болсон "Rail Live 2025" арга хэмжээнд Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай, Архитектор Х.Елик нар төслөө танилцуулж /2025.06.18/, Их Британийн болон дэлхийд тэргүүлэгч компаниуд, мөн санхүүжилтийн болон зөвлөх үйлчилгээний топ компаниудад хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэв.
Их Британи нь төмөр замын салбарт технологи, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаараа дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд тэр дундаа аюулгүй байдлын стандарт, дэвшилтэт инженерийн шийдэл, тогтвортой хөгжлөөр танигдсан байдаг. Иймд Лондон хотын метроны бүтээн байгуулалт болон дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн Alstom UK, CAF UK, Hitachi, Pandrol, Ricardo Rail, Arup зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж, хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, төмөр замын системийн интеграцчилал, депогийн менежмент, өртөөний байгууламжийн технологи (PSD болон SCADA систем г.м)-той танилцан туршлага судалсан байна. Улаанбаатар метро төслийн талаар Их Британийн Rail Business Daily, Ground News, Railway News, Rail Live зэрэг томоохон хэвлэлүүд онцолсон байна.
Тус нийтлэлүүдэд дурдсаныг тоймловол, “Улаанбаатар метро төслийн хүрээнд Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км урттай метроны нэгдүгээр шугамыг 2024-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), эх загвар зураг батлагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлууд хийгдэж байна.