Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Далай ламын залгамжлагчийг хэрхэн сонгох вэ

Далай ламын залгамжлагчийг хэрхэн сонгох вэ
Нийтэлсэн 11 минутын өмнө
Төвдийн буддистуудын оюун санааны удирдагч Далай ламын залгамжлагчийг хэрхэн тодруулах асуудал нь зөвхөн сүсэгтэн олны анхаарлыг татаж байгаа төдийгүй Хятад, Энэтхэг, АНУ-ын хувьд стратегийн үүднээс асар чухал сэдэв болоод байна.
Нобелийн энхтайвны шагналт, өдгөө 90 нас хүрэх гэж буй XIV Далай ламыг дэлхий дахинд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж үздэг бөгөөд түүний дагалдагчид зөвхөн буддистуудаар хязгаарлагддаггүй.
Одоогийн Далай ламыг хэрхэн сонгож байв?
Төвдийн уламжлалд, ахмад буддист ламтан нас барсны дараа түүний сүнс дахин төрдөг гэж үздэг. XIV Далай лам 1935 оны долдугаар сарын 6-нд Төвдийн зүүн хойд хэсгийн нэгэн тариачин айлд Лхамо Дондуп нэртэйгээр мэндэлсэн бөгөөд түүнийг хоёр настайд нь өмнөх Далай ламын хувилгаан хэмээн тодорхойлжээ.
Төвдийн Засгийн газраас илгээсэн эрлийн баг, олон шинж тэмдгийг үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж Далай ламын албан ёсны цахим хуудаст бичсэн байдаг. Тухайлбал, ахмад ламтан зөн совингоороо мэдээлэл авсан, мөн хоёр настай Лхамо Дондуп өмнөх Далай ламын эд зүйлсийг хараад “Минийх, минийх” гэж хэлсэн нь эрлийн багийг итгэхэд хүргэсэн аж.
1940 оны өвөл Лхамо Дондупыг өнөөгийн Төвдийн нийслэл Лхас хот дахь Потала ордонд авчирч, албан ёсоор Төвдийн оюун санааны удирдагчаар өргөмжилсөн.
Түүний залгамжлагч хэрхэн тодрох вэ?
2025 оны гуравдугаар сард хэвлэгдсэн номдоо Далай лам залгамжлагч нь Хятадаас гадуур төрнө гэж бичжээ. Тэрээр 1959 онд Мао Зэдуны удирдсан коммунист Засгийн газрын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэгийн хойд хэсэгт цөлөгдөн амьдрах болсон. Тэрээр 90 насны ойгоо угтаж залгамжлалын талаарх мэдээллийг зарлана гэж номдоо бичсэн байсан юм.
Тэгвэл Далай лам энэ долоо хоногт болох Бурханы шашны шашинтнуудын гурван өдрийн томоохон чуулга уулзалтад оролцож, 90 насны ойгоо угтаж байгаагийнхаа хүрээнд залгамж халааныхаа талаар мэдээлэл өгөх хүлээлттэй байна.
Хятад юу гэж үзэж байна вэ?
Хятад улс Далай ламын залгамжлагчийг сонгох эрх нь түүхэн уламжлалаар Бээжинд хадгалагддаг гэж мэдэгддэг. “Алтан ваар”-аас нэр сугалж тодруулах зан үйл 1793 онд Чин гүрний үед үүссэн хэмээн үзэх нь ч бий.
Харин Төвдийн иргэд Хятадын оролцоог тухайн нийгэмд нөлөөлөх улс төрийн арга заль гэж хардаг. Шашинг үгүйсгэдэг Коммунист Засгийн газар нь лам нарын, тэр дундаа Далай ламын дахин төрөлд оролцох нь зохимжгүй гэж Далай лам өөрөө мэдэгдэж байсан юм.
Бээжин 1989 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Далай ламыг “салан тусгаарлагч” хэмээн нэрлэсэн бөгөөд түүний зургийг нийтэд ил гаргахыг, түүнд хүндэтгэл үзүүлэхийг хориглодог. 2025 оны гуравугаар сард Хятадын ГХЯ-ны төлөөлөгч “Далай лам бол улс төрийн дүрвэгч. Төвд ард түмнийг төлөөлөх эрхгүй” гэж мэдэгдсэн.
Энэтхэг, АНУ ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
Далай ламын зэрэгцээ Энэтхэгт 100,000 гаруй Төвдийн буддист хүн амьдардаг гэх тооцоо бий. Тэд шашин шүтэх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрх чөлөөг эдэлдэг.
Олон энэтхэг хүн Далай ламыг хүндэтгэдэг бөгөөд олон улсын харилцааны шинжээчид түүний Энэтхэгт оршин суудаг нь Бээжингийн эсрэг Делигийн нэгэн хүч болдог гэж үздэг.
Дэлхийн ноёрхлын төлөө Хятадтай өрсөлдөж буй АНУ Төвдүүдийн хүний эрхийг дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Америкийн хууль тогтоогчид өмнө нь Хятад улс Далай ламын залгамжлагчийг сонгоход оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн