Open iToim app
Улс төр | 3 мин уншина

С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэн сайд баяр наадмын өдрүүд тааруулан маш том ашиг сонирхлын зөрчилтэй хууль өргөн барьсан

С.Цэнгүүн:  Б.Чойжилсүрэн сайд баяр наадмын өдрүүд тааруулан маш том ашиг сонирхлын зөрчилтэй хууль өргөн барьсан
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар “Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас энэ сарын 26-нд тус хуулийн төслийг өргөн барьсан ч өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа. Ингэхдээ тус хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн онцоллоо. 
Тэрээр “Гурван зүйл заалтаар 30 шинэ заалтыг энэ өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Үүнд эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршил гаргаж ирж байгаа. Үүнд нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг нэрлэнэ гэж заасан. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан байна.
Мөн тус хуулийн төслийг дагуулаад Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Энэ нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур эрчим хүчний төслүүдийг авч үздэг байна гэсэн үг.
Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр зүйл заалтыг нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний төсөлд авч байгаа зээл Засгийн газрын өрөнд хамаарахгүй гэсэн зүйл заалт оруулсан байна. Мөн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрчим хүчний тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам авахаар байгаа. Ажлын хэсэг байгуулах бөгөөд ажлын хэсэг нь эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй байх бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийг Эрчим хүчний сайд өөрөө ахлаад хоёр хүн нь яамнаас томилогдоно. Энэ 5 хүн эрчим хүчний бүх төслийг дангаар шийдвэрлэдэг болно гэсэн үг. Мөн энэ ажлын хэсэг эрчим хүчний үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа, санхүүжилтийн зардал болон хэмжээ, төслийн гүйцэтгэгчийн чадавхыг шийднэ.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор эрчим хүчний салбарын ажил гацдаг, цаг хугацаа алддаг нь үнэн. Гэхдээ тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй, хэрэгжихгүй байна гэхэд Б.Чойжилсүрэн сайд хэлж байсан. Гэтэл сарын дараа ийм том өөрчлөлт Эрчим хүчний тухай хуульд оруулж ирнэ гэдэг маш зарчимгүй үйлдэл.
Гэтэл баяр наадмын үеэр ийм том асуудлыг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд ТЭЦ-3-т гарсан ослыг тендер зарлахгүй яаралтай шийдэх ёстой гэж хэлэх байх. УИХ-ын тогтоолоор ТЭЦ-3-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. УИХ-ын гишүүд энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай хараарай. Бид нэг асуудлыг шийдэх гэж бусад хууль тогтоомжоо уландаа гишгэж болохгүй.
Монголын залуучууд өөр болсон. Бид хуйвалдааны зарчмаар гэдэг юм уу хэсэг бүлэг хүмүүс хоорондоо тохирсон байдлыг эсэргүүцэж явна. Монгол Улсад том төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар хуулийн дагуу хэрэгжих ёстой. Эрчим хүчний яам дангаараа бүх төслийг шийднэ гэдэг хууль өргөн барьж байгаа нь асар том ашиг сонирхлын зөрчил” гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн