Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны зургадугаар сарын 26-нд иргэн автомашин дээрээ гарч, бие засч байгаа ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа, бусдын биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас эдгээр асуудлыг тухайн өдөр нь бүртгэж, харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодит шалгах ажиллагааг давхар хийнэ. Дээрээс нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийн сэдэл санаа, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Өнөөдрөөс холбогдох үндэслэлд тулгуурлан прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлэн ажиллаж байна. Хохирогч залуу эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна.Мөн нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороо "GEM mall" худалдааны төвд 2025 оны зургадугаар сарын 26-нд 11:00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэрээ хөнөөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хэргийг гэр бүлийн хамааралтай этгээд үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдогчийг яллагдагчаар татаж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон" гэлээ.