Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

АХМАДУУД: Одоо л нэг жаргая гэж байхад тэтгэврийн зээлээр боож болохгүй

АХМАДУУД: Одоо л нэг жаргая гэж байхад тэтгэврийн зээлээр боож болохгүй
Нийтэлсэн 54 минутын өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлийг цалингийн зээлтэй адилтган хэрэглээний зээлийн ангилалд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн юм. Энэ шийдвэрийг зарим ахмад эсэргүүцэж "Бид тэтгэврийнхээ 100 хувийг барьцаалж зээл авахыг хүсэж байна. Хүү нь бага, хугацаа нь урт байх хэрэгтэй. Бид бөөрөнхий талхаа хэд хувааж, хэнд өгөх нь Монголбанкны ерөнхийлөгчид хамаагүй" хэмээн үзэж байна. Тэд УИХ-ын гишүүдтэй уулзаж шаардлагаа хүргүүлсэн бөгөөд Төрийн ордны баруун хаалганы гадна суулт зарлаад байгаа юм.
undefined

Тэтгэврийн зээл бол ахмадуудад олдож буй ганц боломж. Энэ боломжийг хязгаарлаж болохгүй.

Д.Ганчимэг: Хүмүүс өөрсдөө тэтгэврийн зээлийнхээ 50 хувийг авах уу, 100 хувийг авах уу гэдгээ өөрсдөө шийдэх эрхтэй байх ёстой. Бүх хүн 100 хувь авдаггүй. Харин зайлшгүй шаардлагатай үед, тодорхой зорилго, хэрэгцээтэй учраас л 100 хувь зээл авч байгаа юм. Жишээлбэл, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, тариа ногоо тарих, бусад төлөвлөсөн зүйлээ хийх гэх мэт. Гэтэл 50:50 гэсэн шинэ зохицуулалт эдгээр боломжийг хааж байна. Тэтгэврийн зээл гэдэг бол ахмадуудад үлдсэн ганц боломж. Тэтгэвэрт гарсан хүмүүс амьдралдаа ямар нэг зүйл хийгээд, сэтгэл амар жаргахыг хүсдэг. Харин одоо тогтоосон энэ 50:50 харьцаа бидний тэр хүсэл, зорилгыг нь хааж байгаа юм.
Өмнө нь 100 хувийг барьцаалж зээл авах боломжтой байхад хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ хийж чаддаг байсан. Харин одоо зээл авлаа ч банкнаас сая төгрөг ч гарахгүй байна. Энэ мөнгөөр юу ч хийх боломжгүй. Тэгвэл ингэж хязгаарлалт тавьж байгаа шалтгаан нь юу юм бэ. Өмнө нь боломжтой байсан зүйл яагаад одоо боломжгүй болчихов. Сан байхгүй болсон юм уу. Эсвэл зээл олгох эх үүсвэр дууссан юм уу. Ямар ч тодорхой тайлбар байхгүй байна. Тодорхой тайлбарын оронд үр хүүхдүүд нь ахмадын мөнгийг аваад дуусгадаг гэх мэт тойруулсан, бурууг бусдад тохсон тайлбар өгч байгаа нь шударга бус санагдаж байна.
undefined

50:50 гэсэн зохицуулалт ахмадуудын амьдралд ямар ч нэмэр алга. Тэтгэврийн зээлийг чөлөөтэй болгомоор байна.

Ч.Энхтуяа: Би Монголбанкны энэ шинэ шийдвэрийг бүрэн эсэргүүцэж байна. 50:50 гэсэн харьцаа нь бидэнд огт хүртээмжгүй. Тэтгэврийн зээлийг зүгээр л өмнөх шиг чөлөөтэй олгодог болго. Хүн 100 хувиа барьцаалаад, 36 сарын хугацаатай зээл авна уу, үгүй юу гэдэг бол тухайн хүний ухамсрын асуудал юм. Одоо тэтгэвэр хамгийн багадаа 689 мянган төгрөг. Энэ мөнгө 126 гишүүний нэг цагийн хоолны мөнгөтэй л адил шүү дээ. Тэгсэн мөртлөө биднийг үр хүүхдүүддээ зээл авч өгдөг гэж шүүмжлээд сууж байдаг. Яагаад бид хүүхдүүддээ тусалж болохгүй гэж. Тэд өөрсдөө хүүхдүүддээ тансаг эд зүйлс авч өгдөг биз дээ.
Улс орны бүтээн байгуулалтад амьдралынхаа бүх цаг хугацааг зориулсан ахмадууд өнөөдөр Улаанбаатарын халуун наранд суулт хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч хүртэл суултад орсон. Гэтэл хэн ч бидэнтэй уулзахгүй, хэн ч хариу өгөхгүй байна. Бид өглөө 10 цагаас орой болтол энд сууж байна. Гэтэл төрийн түшээд яагаад биднийг тоохгүй байна вэ. Түрүүн Пүрэвдорж гишүүн 70:30 болгож магадгүй гэж худлаа попорж, алга боллоо. Ахмадын төлөө л гэсэн хүн. Үнэндээ шал худлаа. Лхагвасүрэн гуай гурав дахь өдөр ирж, хурал хийнэ гэнэ. Ийм олон хоног өнгөрчихөөд байхад хариу байхгүй байгаа нь үнэхээр хүнд сурталтай юм. Бид амьдралынхаа турш хичээнгүй ажиллаж, татвар хураамжаа цаг тухайд нь төлж ирсэн. Одоо насаараа хөдөлмөрлөсөн хүний тэтгэвэр нь 689 мянган төгрөг. Үнэхээр өрөвдмөөр. Яагаад биднийг ингэж дарамталж байгаа юм бэ. Ичих хэрэгтэй шүү.
undefined

Бид хөдөлмөрлөж олсон өөрсдийн эрхээ эдлэх гэхэд хязгаарлаж байгаад гомдолтой байна.

Н.Сарангоо: Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гээд байхад яагаад ийм хязгаарлалт тавиад, боож хаагаад байгаа юм бэ. Тэтгэврийн зээлийг 36 сараар хэдэн хувиар авах нь тухайн хүний ухамсрын асуудал. Хүүхдэдээ туслана уу, өөрөө бизнес эрхэлмээр байна уу энэ нь бусдад ямар хамаатай юм бэ. Би өөрөө бизнес эрхлэхийг хүссэн ч боломжгүй болсон. Учир нь тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр. Бид өөрсдийнхөө мөнгийг авж байж, яагаад ийм өндөр хүү төлөх ёстой гэж. Хүүгүй зээл байх ёстой шүү дээ. Тэгээд дээрээс нь 50:50 хувиар зээл олгоно гэдэг бүр ч хэтэрсэн зүйл юм. Тэтгэвэр тогтоолгоод гэртээ зүгээр суумааргүй байна. Ядаж жижиг бизнес эрхэлж, өөрийгөө авч явахыг хүсэж байна. Гэвч тогтоосон тэтгэвэр, өнөөгийн амьдралын өртөг хоёр хоорондоо таарахгүй байгаа юм. Юмны үнэ тэнгэрт хадаж, бид зөвхөн тэтгэврийнхээ мөнгөөр л амьдрах боломжгүй.
Халуун наранд жагсч зогсож байгаа хэдэн ахмадууд маань үнэхээр өрөвдмөөр. Бидний хажуугаар гаднын өндөр настнууд хөтлөлцөөд аялж, амарч явж байна. Бид ч бас Монголдоо аялахыг хүсэж байна. Гэвч зээл нь гарахгүй, мөнгө ч алга. Энэ бүх байдлын гол буруутан нь Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн. Ийм хүнд сурталтай байж болохгүй. Бид зүгээр л өмнөх шигээ зээлээ хэвийн, чөлөөтэй авмаар байна. Хүү багатай, хугацаа урттай байхыг хүсэж байна. Тэтгэврээ нэм гэсэн ч юм алга. Харин зээл авах боломжийг битгий хаа гэж хэлж байгаа юм. Урд хөршид хамгийн доод талын тэтгэвэр л гэхэд монгол мөнгөөр 1 сая 800 мянган төгрөг. Манайд 540 мянган төгрөг байна. Тэнд ахмадууддаа тэтгэмж ч өгдөг, бидэнд бол юу ч байхгүй. Одоо бүр өр, орлогын харьцааг 50:50 болгож, биднийг үнэхээр боож, хавчиж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн