Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Беларусын нийслэл Минск хотод болсон Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, Евразийн эдийн засгийн IV чуулганд оролцов. Энэ үеэр Монгол Улс Евразийн эзийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус хэлэлцээрт нэгдэх асуудлыг 2022 онд Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үеэс эрчимжин, Л.Гантөмөр залган авч идэвхжүүлэн, ийнхүү Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал баталгаажуулав. Ингэснээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд багтдаг ОХУ, Беларус, Казахстан, Киргизстан, Армени зэрэг таван улстай 367 төрлийн бараа бүтээгдэхүүнийг 3 жилийн хугацаанд харилцан гаалийн татваргүй болж буй.Тухайлбал, хэлэлцээрээр дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэж байгаа аж. Тухайлбал, дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна. Нэг литр нь зургадугаар сарын 23-ны байдлаар Улаанбаатарт 2940 төгрөгийн үнэтэй байгаа дизель түлш татваргүй болсноор литр тутамдаа 147 төгрөгөөр хямдарч, 2793 төгрөг болно гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яам онцолжээ.