Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

С.Мөнхчулуун: Шинэ Монгол төв ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд манай аймаг ЭЕШ-д өндөр амжилт үзүүллээ

С.Мөнхчулуун: Шинэ Монгол төв ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд манай аймаг ЭЕШ-д өндөр амжилт үзүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвийн хамтран хэрэгжүүлж буй “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийн нэг жилийн төсөв нь 1.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Хэрэгжээд таван жил болж буй уг хөтөлбөрт энэ хичээлийн жилд 120 сургууль хамрагдажээ. Илүү дэлгэрүүлбэл бүтэн жилийн турш тасралтгүй хэрэгжих уг хөтөлбөрийн нэг сургуульд гарах  зардал нь 10 сая төгрөг юм. Хөтөлбөр хэрэгжсэн сургуулиуд Элсэлтийн ерөнхий шалгалтад өмнөх жилүүдийнхээс амжилттай оролцсон үр дүн эхнээсээ гаргаж эхэлжээ. Энэ талаар  Дундговь аймгийн Засаг С.Мөнхчулуун сошиал хуудсандаа “Манай аймаг ЭЕШ-даа амжилт гаргасан нь Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-тай хамтарсан “Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэнтэй холбоотой” хэмээн бичжээ.
Энэ талаар түүнээс э тодрууллаа. 
- Танай аймаг ЭЕШ-ын үзүүлэлтээрээ өмнөх жилүүдийнхээс өндөр амжилт гаргаж, улсдаа тавд эрэмбэлэгдлээ. Энэ амжилтын гол шалтгаан нь яг одоо улмтөржилтөд өртөөд байгаа төсөл гэж таны постоос ойлголоо...? 
-Манай аймгийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-тай хамтраад ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийг Дундговь аймгийн 15 сургуульд хэрэгжүүлсэн. “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийнхөө хүрээнд санал тавиад дэмжигдсэн юм. Энэ хөтөлбөр маш амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд манай аймгийн сумдын сургуулийн сурагчдын боловсролын чанар дээшилсэн. Мөн багш нарын маань сургалтын чадварууд онцгой ахисан. ЭЕШ-ын тухайд гэхэд манай аймаг математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ. Энэ амжилтыг би аймгийн Засаг даргын хувьд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна. 
-Шинэ Монгол төв ТББ-тай хамтарсан төсөл нэг жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн үү?
-Тийм ээ. Нэг жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн. Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх менежмент, сургуулийн эерэг соёл төлөвшүүлэх менежмент, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх менежмэнт гэх мэт практикт суурилсан 32 долоо хоногийн сургах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвийн багш нар манай аймгийн 15 сургуультай нэг бүрчлэн тулж ажилласан. Ер нь тэгж ажилладаг юм билээ. Сургууль бүрийн онцлогт тохируулж хэрэгжүүлдэг нь онцгой таалагдсан. Зүгээр л нэг хөтөлбөр зохиочихоод тэрийгээ сургууль бүрд шууд хэрэгжүүлсэн гэсэн үг биш. Сургууль бүрийн онцлогт тохируулсан шийдэл гаргаж ажиллана гэдэг төсөл хэрэгжүүлэгчдээс маш их ажил, хөрөнгө мөнгө шаардаж таарна. 
-Нэг сургуулийн жилийн өртөг нь арван сая төгрөг. Энэ мөнгөний хэмжээний тухайд та юу хэлэх вэ?
-Төслийн багийнхан сургуулиудтай байнга цахимаар харилцахаас гадна сургууль бүр дээр биечлэн очиж нүүр тулж ажилладаг. Ингээд бодохоор 10 сая төгрөг гэдэг бол маш бага мөнгө шүү дээ. Ийм бага мөнгөөр хөтөлбөр авч, сургуулийн орчноо тэр чигт нь өөрчилж, боловсролын чанараа сайжруулаад авна гэдэг сургуулиудын хувьд маш том аз, маш том боломж шүү дээ. Хөтөлбөр хэрэгжсэний хамгийн энгийн наад захын жишээ гэхэд л хүүхдүүд хичээлдээ дуртай болчихсон. Ажлын байрны орчныг нь сайжруулчихаар багш нарын чадвар, суралцагчдын түвшин илт өөрчлөгддөгийг манай аймгийн 15 сургууль бодит утгаар нь мэдэрлээ шүү дээ. Торвчхондоо энэ төслийн хүрээнд манай аймгийн сургуулиудын боловсролын чанар хүртээмж сайжирсан гэж бид үзэж байгаа.
-Ийм төслийг улстөржүүлээд эхэлчихлээ. Улстөржүүлж байгаад төсөлд үзүүлж буй яамны дэмжлэгийг зогсоочихвол танай аймаг энэ төслөө үргэлжлүүлэх үү?
- Боловсролыг улстөржүүлж болохгүй. Энэ төслийг Боловсролын яам хэрэгжүүлэхгүй байсан ч гэсэн манай аймаг хэрэгжүүлнэ. Шаардагдах төсвийг “Оюунлаг Дундговь” хөтөлбөрөөсөө гаргаад хэрэгжүүлээд явна. Илт үр дүнтэй хэрэгжиж байгаа төслөө хэн ч зогсоохыг хүсэхгүй. Бусад сургууль ч ийм байр суурьтай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн