Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятад улс НАТО-гийн хүчтэй анхааруулгад ямар хариу өгөв

Хятад улс НАТО-гийн хүчтэй анхааруулгад ямар хариу өгөв
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Хятад улс НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн Бээжинг асар их цэргийн хүч хуримтлуулж байгаагаас гадна Украинд хийж буй ОХУ-ын дайнд дэмжлэг үзүүлж байгаа тухай анхааруулгад эрс няцаасан хариу өгч, түүний мэдэгдэл зөрчилдөөнийг улам хурцатгаж буй “худал мэдээлэл” хэмээн буруутгалаа.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жиакүн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Рюттегийн мэдэгдэл нь дэлхий дахины нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгож, Хятадын цэргийн хөгжлийг зориуд харлуулж байна" гэж мэдэгджээ.
Тэрээр "Энэ бол НАТО-гийн зүгээс цэргийн зардлаа хэт өсгөх, мөн хил хязгаараасаа хальж Ази-Номхон далайн бүс нутагт нөлөөгөө тэлэх бас нэг шалтаг" хэмээн тодорхойлжээ.
АНУ тэргүүтэй, Европт төвтэй цэргийн эвсэл болох НАТО сүүлийн жилүүдэд Хятадын дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй нөлөө, цахим халдлага, тагнуулын үйл ажиллагаа, Орос улстай улам бүр ойртож буй стратегийн түншлэлийг нь үндэслэн Бээжинг системийн сорилт гэж үзэх болсон.
Хятад: НАТО гал дээр тос нэмж байна
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Го Жиакүн "НАТО өөрийгөө бүс нутгийн байгууллага гэж нэрлэдэг ч, байгууллагынхаа гэрээнд заасан геополитикийн хязгаараас давахыг оролдож, Евразийн аюулгүй байдлыг шалтаг болгон Ази-Номхон далайн бүс нутагт байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг тодорхой харж байгаа бөгөөд Ази-Номхон далайн орнууд өндөр сонор сэрэмжтэй байна" гэж мэдэгдсэн.
Украины асуудлын тухайд тэрээр "Хятад улс энхийн яриа хэлэлцээний талыг баримталж, хямралыг улс төрийн замаар шийдвэрлэхийг идэвхтэй дэмждэг. Бид аль нэг талд зэвсэг нийлүүлдэггүй бөгөөд хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортод маш нарийн хяналт тавьдаг" хэмээн онцолжээ.
Тийнхүү мэдэгдлийнхээ төгсгөлд "Хятад улс НАТО-г өнгөрсөн үйлдлүүддээ эргэлт буцалтгүй дүгнэлт хийхийг, олон улсын шударга ёсны дуу хоолойг сонсохыг, Хүйтэн дайны үеийн сэтгэлгээ болон 'нэг нь ялахын тулд нөгөө нь заавал ялагдах' гэсэн хуучирсан үзэл баримтлалаасаа салахыг уриалж байна" хэмээжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн