Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Иран руу дахин довтолбол АНУ-ын баазууд руу цохилт өгнө хэмээн анхаарууллаа

Иран руу дахин довтолбол АНУ-ын баазууд руу цохилт өгнө хэмээн анхаарууллаа
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 27
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей Израил, Ираны хооронд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарч, телевизээр мэдэгдэл хийлээ. Тэрээр хэрэв АНУ дахин Ираны эсрэг халдлага үйлдвэл Ойрх Дорнод дахь Америкийн цэргийн баазуудыг хариу цохино гэж анхааруулсан юм.
86 настай Хаменей 12 хоног үргэлжилсэн дайны дараа Иран Катар дахь АНУ-ын хамгийн том бааз руу цохилт өгснийг дурдан ялалт байгуулсан хэмээн мэдэгдэв. Уг цохилтыг АНУ Израилийн агаарын довтолгоонд нэгдсэний дараа хийсэн билээ. Тэрээр “Исламын Бүгд Найрамдах улс Америкийг нүүр лүү нь алгадлаа. Энэ бол бүс нутгийн чухал Америкийн бааз руу хийсэн довтолгоо байсан” гэжээ.
"Иран хэзээ ч бууж өгөхгүй"
Төрийн телевизээр цацагдсан урьдчилан бичүүлсэн мэдэгдэлдээ Хаменей Иран улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтад хэзээ ч бууж өгөхгүй хэмээн амлалаа.
Хаменей “АНУ-ын ерөнхийлөгч Трамп үнэн нүүр царайгаа илчлэн, Америкчууд зөвхөн бууж өгөхөөс өөр ямар ч зүйлд сэтгэл ханахгүй гэдгийг харууллаа... Гэвч ийм зүйл хэзээ ч болохгүй” хэмээн онцлон ярьжээ.
АНУ дахин цохилт өгөх үү?
Дональд Трамп Иран ураны баяжуулалтын хөтөлбөрөө дахин эхлүүлбэл АНУ дахин цохилт өгөх үү гэсэн асуултад нааштай хариу өгсөн. Гэвч Тегеран олон арван жилийн турш барууны орнуудын “цөмийн зэвсэг хөгжүүлж байна” гэсэн буруутгалыг үгүйсгэсээр ирсэн.
Хаменей “АНУ Ираны цөмийн байгууламж руу довтолсон ч бодит амжилтад хүрээгүй” хэмээгээд, АНУ дайнд Израилыг аврахын тулд л оролцсон гэжээ.
Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд 30,000 паундын жинтэй бөмбөгөөр Ираны цөмийн хөтөлбөрийг “устгасан” гэж мэдэгдсэн ч тагнуулын байгууллагын урьдчилсан дүгнэлт үүнийг няцааж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа “түүхэн ялалт” байгуулсан хэмээн зарлаж, Ирантай холбоотой цөмийн болон баллистик пуужингийн аюулыг устгасан гэж мэдэгдсэн юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн