Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөлт худалдааны түр хэлэлцээрт орохоор болж, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Узбекистан улсыг зориод байгаа аж. Тэнд хэлэлцээрт гарын үсэг зураад ирнэ. Тус худалдааны хэлэлцээрт орсноор манай улсын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн хэлэлцээрт нэгдсэн 5 улс руу гаалийн татваргүй, мөн тус орнуудын бараа бүтээгдэхүүн манай улс руу гаалийн татваргүй орох юм. Энэ хэлэлцээр нь дотоодын үйлдвэрлэгчдэд ашиггүй хэмээн эсэргүүцэх хэсэг байсан ч ийнхүү нэгэнт нэгдэхээр болж байна. Тус хэлэлцээрт нэгдсэнээр тамхи гаалийн татваргүй болно. Манай улс тамхинаас 30 хувийн гаалийн татвар авдаг байсан нь тэглэгдэнэ гэсэн үг. Гэтэл 2024 онд л гэхэд манай улс 3.5 тэрбум янжуур тамхи импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн амд хувааж үзвэл нэг хүнд жилд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байгаа аж. Харин 7.8 сая ширхэг электрон тамхи импортолжээ. Манай оруулж ирж буй нийт тамхины импортын 35 хувь нь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа 5 улсаас импортлогддог бөгөөд янжуур тамхи импортолдог гол улс Казахстан, БНСУ. Н.Учрал: Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийг төсвийн тодотголтой хамт өргөн баринаХарин тамхины гаалийн татвар тэглэгдэхээр төсвийн тодотголтой хамт Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барина гэж Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал хэлж байсан ч хамт өргөн бариагүй байна. Тэрээр "УИХ-ын гишүүд тамхи дээр нэлээд шүүмжилж байсан. Гэхдээ тамхи дээр нөгөө тал бүрэн буулт хийгээгүй юм байна. Тиймээс би Засгийн газрын хурал дээр тамхины онцгой албан татварыг төсвийн тодотголтой хамт дагуулж өргөн бариад нэмэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Ингэж үнээ тогтворжуулаад явах боломжтой. Мөн квот тогтооно. Нэг ёсондоо өмнөх жилийн хэмжээнээс нэмэгдүүлэхгүй гэж квот тогтоох эрх нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд байдаг" гэсэн юм. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлангийн УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн хуульд тодотгол хийх хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хууль багтаагүй байна. Тиймээс тамхины онцгой албан татварыг нэмэхгүй харин гаалийн татварыг тэглэх болоод байна. Үүнээс үүдэж тамхины үнэ унаж, хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй болоод байна. Гэтэл эрүүл мэндийн салбарын судалгаагаар тамхинаас үүдэлтэй хавдрын тоо, нас баралт тогтмол нэмэгдэж байна. Жилд дунджаар 4300 иргэн тамхины шалтгаанаар амиа алдаж байна гэсэн судалгаа бий. Гэтэл манай улс тамхины татварыг нэмэхийн оронд ийнхүү гаалийн ч татваргүй болгож байна.