Кени улсад болж буй Засгийн газрын эсрэг өргөн хэмжээний эсэргүүцлийн үеэр 16 хүн амиа алджээ. Тэдний олонх нь цагдаа нарын гарт амиа алдсан талаар Amnesty International байгууллагын Кени дэх салбарын тэргүүн мэдээллээ.
Энэхүү жагсаал нь өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн жагсаалын нэг жилийн ойг тэмдэглэх зорилготой байсан бөгөөд тухайн үеийн жагсаалд 60 гаруй хүн амиа алдаж байв. Энэ жилийн жагсаалд мянга мянган хүн оролцож, Найроби хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу, резин болон амьд сум ашигласан байна.
Amnesty Kenya болон Кени Улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр, нас барсан 16 хүнээс дор хаяж 5 нь буудлагад өртсөн бөгөөд цагдаа нарын зүй бусаар хүч хэрэглэсэн нь олон хүний аминд хүрсэн гэж үзэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын мэдэгдэлд:
400 гаруй хүн гэмтэж, шархадсан, үүнд жагсагчид, цагдаа нар, сэтгүүлчид багтсан;
Хүч хэрэглэхдээ резин сум, сум, усан буу ашигласан;
Жагсаалын үеэр улсын хэмжээнд 61 хүн баривчлагдсан хэмээн дурджээ.
Найробигийн гол эмнэлэг болох Кенята Үндэсний Эмнэлэгт 107 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ихэнх нь буудлагын шархтай байна. Харин тус эмнэлэгт нас баралт бүртгэгдээгүй гэж албан тушаалтан мэдээлжээ.
Тус жагсаал зөвхөн нийслэлд биш, Момбаса, Китенгела, Киси, Матуу, Ниери зэрэг хотуудад ч өрнөжээ. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Вильям Руто татвар нэмэх саналаа эргүүлэн татсанаар жагсаал түр намдсан ч, цагдаа нарын хүчирхийллийн эсрэг олон нийтийн уур хилэн хэвээр байгаа юм.
Жагсаалд оролцож буй иргэн Лумумба Хармони “Бид өөрсдийн эрх, өнгөрсөн хугацаанд амиа алдсан залуусын төлөө тэмцэж байна. Зургаадугаар сарын 25-наас хойш болсон бүх зүйлд шударга ёсыг шаардаж байна” гэж мэдэгджээ.
2024 оны зургаадугаар сарын 25-ны өдөр жагсагчид парламентын барилга руу хүч түрэн нэвтрэх үеэр цагдаа нар тэднийг буудаж буй дүрс олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв.