Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Цагаачдыг албадан гаргах Дональд Трампын бодлого улам чангарсаар байна

Цагаачдыг албадан гаргах Дональд Трампын бодлого улам чангарсаар байна
Нийтэлсэн 7 минутын өмнө
Дональд Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор АНУ-ын цагаачлалын бодлогод эрс өөрчлөлтүүд гарч эхэлсэн билээ. Тэрээр хууль бусаар оршин суугчдыг олноор нь албадан гаргах, хил хамгаалалтыг чангатгах, дотоодын цагаачлалын хяналтыг эрчимжүүлэх гол зорилготой ажиллаж буй. Энэхүү бодлого нь зөвхөн Латин Америк, Ойрхи Дорнодын цагаачдад бус, АНУ-д хууль бусаар оршин суугаа бүх үндэстний хүмүүс, түүний дотор Монгол иргэдэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй байна.
Шинэ бодлогын хүрээнд ICE буюу АНУ-ын Цагаачлал, гаалийн албанд өдөрт 3000 хүнийг баривчлах зорилт тавьсан бөгөөд тухайн хүний гэмт хэрэгт холбогдсон эсэхээс үл хамааран хэрэгжиж байгаа аж. Баривчилгааг зөвхөн хил орчмоор хязгаарлагдахгүй, харин айл өрх, ажлын байр, олон нийтийн газар, бүр шүүхийн танхимд хүртэл өргөжөөд байна. 
Дональд Трампын гаргасан захирамжийн дагуу дараах арга хэмжээнүүдийг зөвшөөрсөн. Үүнд:
  • Хууль бус цагаачдыг хурдан хугацаанд албадан гаргах журмыг өргөтгөсөн
  • ICE-ийн зүгээс гэр орон, олон нийтийн газарт баривчлах ажиллагаа идэвхжсэн
  • Саатуулах байрны хүчин чадал нэмэгдэж, “асрамжийн бүс” гэж нэрлэгддэг цагаачдыг хамгаалдаг хотуудын санхүүжилт хязгаарлагдсан
Түүнчлэн Трампын баг дараах нэмэлт алхмуудыг авч хэрэгжүүлсэн:
  • Хүүхдийн сургууль, эмнэлэг зэрэг “хэврэг газар”-т баривчилгаа хийхийг хориглосон өмнөх журмыг хүчингүй болгосон
  • “Remain in Mexico” буюу дүрвэгчдийг АНУ-д биш, Мексикт хүлээлгэх журмыг сэргээсэн
  • Дээд шүүх АНУ цагаачдыг гуравдагч оронд анхааруулгагүйгээр албадан гаргах эрхтэй гэсэн шийдвэр гаргасан.
Хэчнээн хүн албадан гаргаж байна вэ?
Трамп захирамжаа гаргаснаас хойш эхний 100 хоногт 100,000 гаруй хүн баривчлагдаж, тэднээс 65,000 гаруй хүнийг албадан гаргажээ. Харин зургаадугаар сарын 10-ны байдлаар АНУ-ын Homeland Security-ийн мэдээлснээр 207,000 гаруй хүнийг албадан гарсан байна. Трампын засаг захиргаа энэ тоог жилийн эцэс гэхэд 2 саяд хүргэх зорилготой гэж мэдэгдсэн ч судлаачид бодит тоо 200,000–300,000 орчим байна гэж үзэж байна. TRAC судалгааны төвийн мэдээллээр ICE өдөрт дунджаар 778 хүнийг баривчилж байгаа аж.
Трампын удирдлага доорх шинэ цагаачлалын бодлого нь АНУ дахь бүх хууль бус оршин суугчдыг хамрах зорилготой бөгөөд үндэстнээр ялгаварлахгүй хэрэгжиж буй. Иймээс АНУ-д амьдарч буй Монгол иргэд өөрсдийн статус, бичиг баримтаа нягтлах, шаардлагатай бол хуульч, мэргэжилтнээс зөвлөгөө авах нь чухал байна. Ирээдүйд энэ бодлого хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй ч, одоогийн байдлаар Трампын баг энэхүү хатуу арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байгааг анхаарах хэрэгтэй юм.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны мэдээллээр, 2024 оны арваннэгдүгээр сард АНУ-д 43,510 монгол иргэн оршин суудаг гэж бүртгэгдсэн бөгөөд үүнээс 10,000 гаруй нь хууль бусаар амьдарч байгаа гэж тооцоолсон байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн