Америкчуудын дөрөвний нэг нь хиймэл оюун ухаантай өдөрт хэд хэдэн удаа харилцдаг бол 28 хувь нь өдөрт дор хаяж нэг удаа имэйл бичих, аялал төлөвлөх зэрэг энгийн хэрэглээндээ ашигладаг байна.Гэвч олон хүн энэ хэрэглээ хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж байгааг төдийлөн мэддэггүй. Жишээ нь, ChatGPT-ээс нэг асуулт асуухад Google-ийн хайлтаас 10 дахин их цахилгаан зарцуулдаг талаар Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлж байсан. “Frontiers” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, зарим AI асуулт бусдаасаа 50 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг болохыг тогтоожээ. Их хэмжээний “токен” буюу өгөгдлийн нэгж ашигладаг, нарийн дүгнэлт хийдэг загварууд хариулт бүрт илүү их эрчим хүч зарцуулж, улмаар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Ухаалаг дүгнэлт хийж чаддаг загварууд нэг асуултад дунджаар 543.5 токен “бодож” гаргаж байсан бол илүү товч хариулт гаргадаг загварууд ердөө 37.7 токен ашиглажээ. Илүү олон токен хэрэглэгдэх тусам нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалт ихэсдэг бөгөөд энэ нь хариулт зөв байсан эсэхээс хамаарахгүй аж.Сэдвийн төвөгтэй байдал ч мөн ялгаруулалтад нөлөөлж байна. Түүхийн хичээлтэй холбоотой энгийн асуултууд философи эсвэл хийсвэр математик шиг сэдвүүдтэй харьцуулахад 6 дахин бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан байна.Хэрэглэж буй загварын төрлөөс ялгаруулалт шууд хамаарах нь ч ажиглагдсан. Жишээ нь, 70 тэрбум параметртэй DeepSeek R1 загвар 600,000 асуултад хариулахад Лондон-Нью-Йоркийн хоёр талын нислэгтэй тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг бол 72 тэрбум параметртэй Qwen 2.5 загвар ижил хэмжээний ялгаруулалтаар 1.9 сая асуултад хариулж чаддаг байна.Судлаачид хэрэглэгчид AI ашиглахдаа түүний байгальд үзүүлэх нөлөөг бодолцож, илүү хариуцлагатай хандах хэрэгтэй хэмээн уриалж байна.