“Ирмэг дээр” төсөл хар тамхитай тэмцэх, олон нийтийн анхаарлыг энэ асуудал руу хандуулах зорилгоор хэрэгжиж байна. Уг төслийн ерөнхий зөвлөх, сэтгэл засалч, эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга төслийн талаар болон Монгол Улсад донтолтын эмгэг ямар түвшинд байгаа талаар мэдээллээ.
Тэрээр “Бидний хэрэгжүүлэх гэж байгаа үзэсгэлэн нь өндөр хөгжилтэй орнуудад өмнө нь хийгдэж байсан туршлагатай төстэй юм. Харин Азийн орнуудыг судалж үзэхэд, энэ төрлийн үзэсгэлэн зохион байгуулсан тохиолдол хараахан байгаагүй. Энэхүү ажил нь урлагийн хэлбэрээр дамжуулан олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилготой. Хүмүүсийн ихэнх нь зөвхөн сонсож ойлгодог, харин бид энэ удаа харах боломжийг олгож, илүү гүн ойлголт өгөхийг зорьж байна. Үзэсгэлэнгийн онцлог нь мансууруулах бодис ураг болон хүний эд эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг баримлаар үзүүлэх юм. Уг үзэсгэлэнг зураачид, барималчид болон донтолт судлалын мэргэжилтнүүд хамтран бүтээж, 2025 оны хоёрдугаар хагас гэхэд олон нийтэд толилуулах болно. Үзэсгэлэнг залуус олноор ажилладаг байгууллага болон олон газруудад зорилтот байдлаар хүргэх юм.

Манай улсад мансууруулах бодисын асуудлыг нарийвчлан судалсан, олон улсын түвшинд нийцсэн судалгаа хараахан хийгдээгүй. Гэхдээ нөхцөл байдал хяналтаас бүрэн гарчхаагүй ч, нэг удаа хэрэглэсэн хүн шууд донтох эрсдэлтэй байдаг нь томоохон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.
2017 онд үндэсний хөтөлбөрт мансууруулах бодист донтсон иргэдийг эмчлэх тусгай төв байгуулахаар тусгасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэвээр байна. Одоогоор архи, тамхи, мөрийтэй тоглоом зэрэг өөр олон төрлийн донтолттой хүмүүсийг нэг дор эмчилж байгаа нь үр дүн муутай. Тусдаа төвтэй болсноор донтох эмгэгт илүү нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.
Донтох эмгэг нь маш төвөгтэй, урт хугацааны эмчилгээ шаарддаг. Энэ нь хүний сэтгэн бодох чадвар, зан төлөв, шийдвэр гаргах үйл явц, улмаар бие махбодод маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Донтох эмгэгтэй хүн тухайн бодисыг хэрэглэх эсэхээ өөрөө удирдах чадваргүй болчихдог. Хар тамхинд донтох нь тухайн хүн юуг ч золиослон хэрэглээгээ хангах гэж оролддог юм. Цахим мөрийтэй тоглоом зэрэг донтолтын бусад хэлбэр ч мөн адил суурь механизмтай бөгөөд энэ нь цаанаа олон давхар, нуугдмал асуудлыг агуулдаг. Зарим тохиолдолд ЕБС-ийн сурагчид хүртэл мансууруулах бодис хэрэглэж байгаагийн улмаас сургуулиуд дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
Албаныхны мэдээлснээр хар тамхины гэмт хэргээр хоригдож байгаа хүмүүс нийт хоригдлуудын 10 орчим хувийг эзэлж байна.
Хар тамхи хэрэглэж байсан бүх хүний амьдрал сүйрдэг гэж үзэх нь өрөөсгөл. Зарим нь сэтгэл зүйн зөвлөгөө авч, дахин хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж чаддаг. Би сайн дурын үндсэн дээр нэгэн хорих ангид сар бүр очиж, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт орсон хүмүүжигчдэд сургалт явуулдаг. Энэ сургалтын явцад маш олон залуус өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй байгааг хардаг юм. Хоригдож байх хугацаандаа тэд хэрэглэхээ зогсоосон байж болох ч, хорих ангиас гараад дахин хэрэглэхгүй байхад нь туслах сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх нь чухал байна. Түүнчлэн өнөөдөр хар тамхины хэргээр хоригдож байгаа залуусын тоо өсөн нэмэгдэж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг нийгмийн бүх түвшинд хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрч, бодит дэмжлэг, тусламж үзүүлэх нь чухал" гэлээ.