Цахим орчинд үндэсний хувцасны зураг авалтад орохдоо нөхөртөө гомдоод эрхэлж байгаа эмэгтэйн бичлэг цацагдсан. Эрхлүүлж чаддаг хүний хажууд эмэгтэй хүн үргэлж хүүхдээрээ байдаг гэдэг. Тиймдээ ч тухайн бичлэг олон хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Тэрхүү зураг авалтад орсон эмэгтэйг Б.Дулаанжаргал гэдэг бөгөөд монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш мэргэжилтэй аж. Мөн тэрээр хоёр хүүхдийн ээж. Түүнчлэн, Suvd couture-ийн моделиор ажиллаад удаагүй байгаа юм байна. Ингээд Б.Дулаанжаргалтай тухайн бичлэгийн үеэр юу болсон, нөхөртэйгөө анх хэрхэн танилцсан талаар ярилцлаа.
-Таны нөхөр зураг аваад та моделиор ажиллаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан байсан. Тухайн үед яг юу болсон бэ?
-Зураг авалтын явцад манай нөхөр алсын бараа ширтэж байгаа юм шиг дээшээ хараарай гэсэн. Түүнийх нь дагуу чадахаараа дээшээ харж байхад “Хүүе чи наад газраасаа юу хайгаад байгаа юм. Наана чинь юу байгаа юм бэ” гэсэн. Миний хувьд хоёр ойрхон төрсөн болохоор хатуухан хэлсэн үг сонсохоор л гомдчихдог. Гэтэл манай нөхөр намайг уурлахгүй бай л даа гэв. Тэгэхээр нь “Тэгэлгүй яадаг юм. Хүн чадахаараа хичээж байхад чи өөрөө уурлаад байна. Би ямар мэргэжлийн хүн үү” гэдэг яриа тухайн үедээ болоод өнгөрсөн. Тийм бичлэг хийсэн гэж ч мэдээгүй. Харин манай нөхөр гэнэт тэр үеийн бичлэгийг явуулдаг юм. Түүнийг үзээд дараа нь дурсамжтай болов уу гээд өөрийн инстаграм хуудастаа оруулсан. Ер нь инстаграмдаа хоолны бичлэг оруулдаг болохоор нээх олон хүнд ч хүрнэ гэж бодоогүй байршуулсан. Гэтэл маргааш нь тухайн бичлэг маш олон хүнд хүрснийг нь хараад маш их гайхсан. Эргэн тойрны бүх хүн үзээд сайхан сэтгэгдлүүд хэлж байсан.
-Танай нөхөр зураглаач уу?
-Манай нөхөр Zev film-ийн зураглаач, найруулагчаар ажилладаг.
-Таны хувьд монгол хэлний багш мэргэжилтэй гэсэн. Яагаад Suvd couture-ийн моделиор ажиллах болсон бэ?
-Анх Suvd couture, Zev film-тэй хамтарч дээлийн зураг авалт хийсэн. Түүнийхээ дараа манай нөхөр надад тэдний дээлийг бэлгэлсэн. Дээлээ өмсөж үзээд надад үнэхээр таалагдсан. Тэр үед манай нөхөр надад зориулж дээлтэй бичлэг хийж өгсөн. Надад зориулсан бичлэгээ Suvd couture руу давхар явуулсан юм билээ. Дараа нь Suvd couture албан ёсны хуудастаа миний бичлэгийг цацсан байсан. Тэгэхэд л дээл хувцас бүрэн өмссөн өөрийгөө хараад модель болохыг хүсээд Suvd couture-ийн захирал Цээгий эгч рүү чат бичсэн. Ингэхдээ хэрэв модель хайж байвал би байгаа шүү гэсэн. Цээгий эгч үнэхээр гоё дуртай хүлээж аваад моделиор ажиллах болсон. Гэхдээ болохын хүслэн биш шүү. Гоё үндэснийхээ хувцастай зураг, видео үлдээхийн тулд моделиор ажиллахыг хүссэн. Дараа нь манай хүүхдүүд ч гэсэн намайг хараад ээж ийм байсан байна гэж харна байх.
-Та ойрхон хоёр төрсөн гэсэн. Бага хүүхэд нь хэдтэй вэ?
-Манай том охин хоёр нас долоон сартай. Харин бага хүү долоон сартай. Яг хоёр насны зөрүүтэй.
-Айлын ганц охин болохоор үнэхээр эрх. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Миний хувьд 13 жил айлын ганц байсан болохоор манай аав, ээж хоёр үнэхээр их эрхлүүлдэг. Утсан дээрээ хүртэл “Нялх юм” гээд хадгалсан байдаг. Аав, ээжийнхээ хайраас нөхрийн хайр руу шилжээд бүр эрх болсон.
-Нөхөртэйгөө анх хэрхэн танилцсан бэ?
-Нөхөр бид хоёр 2018-2019 онд фэйсбүүкээр найз болсон байсан. Фэйсбүүкт стори эсвэл зураг хийхээр байнга зүрх дардаг хүмүүс байдаг шүү дээ. Манай нөхөр яг тийм байсан. Түүнд нь ч энэ зүрх дараад л байдаг юм гээд бүр дассан. Нэг өдөр манай найз “Хоёулаа гялс хүнтэй уулзаадахъя. Чи гараад ирээч” гээд ярьсан. Ханиндаа л явах юм байна гээд юу ч бодолгүй биеийн тамирын хувцас өмсөөд очсон. Найзынхаа дуудсан газар очтол хүнгүй хоосон байсан. Орой болсон болохоор хүмүүс байхгүй байгаа юм байлгүй гээд байж байтал гэнэт Фантастик продакшны жүжигчид бөөнөөрөө гаднаас ороод ирсэн. Бүр гайхаад найздаа энэ хүмүүстэй уулзах гэж байгаа юм уу гэсэн. Гэтэл найз “Зура I киноны олны хэсэгт орох гэж байгаа юм” гэв. Бүр гайхаад найздаа “Зураг авалтад орох мөрөөрөө ганцаараа орохгүй надаар яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд найз “Яах вэ, хоёулаа ханьтай” гэдэг юм. Тэгэхээр нь нэгэнт ирсэн хойно хаяад явалтай нь биш гээд сууж байгаад дээшээ хартал нээх таньдаг царайтай хүн байсан. Хаана харснаа мэддэггүй. Олны хэсэг нь тухайн кинонд хоёрхон секунд гардаг ч зураг авалтаа хийх гэж цаг гаруй болсон. Тухайн үед нөгөө хүнээ хаана харсан юм бол, яасан таньдаг хүн бэ гээд бодоод сууж байсан. Зураг авалт дууслаа, нөгөө хүнээ ч мартсан. Гэтэл хоёр хоногийн дараа фэйсбүүкээр тухайн үеийн зураг ирсэн. Хэн билээ гээд хайгаад байсан залуу миний зураг, стори дээр байнга зүрх дараад байдаг байсан хүн байв. Тэгэхээр нь лавшруулаад фэйсбүүк рүү нь ороод хартал гурван хүүхэдтэй, эхнэртэй залуу шиг харагдаад орхисон.
Дараа нь 2022 онд найзтайгаа гадуур хооллож байхад нөгөө залуу чатаар “Сайн уу” гэсэн. Яагаад ч юм тухайн өдөр хариу бичтэл намайг хүргээд өгөх үү гэхээр нь “Энэ хүүхэдтэй залуу яах гээд байгаа юм бол эхнэрт чинь хэлнэ шүү гэж хэлнэ” гэж бодоод зөвшөөрсөн. Нөгөө залуу гадаа ирчихлээ гэхээр нь уулзаад шууд “Чи эхнэр, хүүхэдтэй байж яагаад над руу байнга чат бичээд байгаа юм. Чамайг эхнэрт чинь хэлнэ шүү” гэсэн. Гэтэл нөгөө залуу юун эхнэр гэхээр нь зургийг харуулсан. Харин тэгэхэд “Үгүй ээ, наад зураг чинь манай ахын гэр бүлийн зураг” гэсэн. Ингэж л анх танилцаж байлаа. Анхны сэтгэгдэл гэвэл хөөрхөн бондгор дажгүй залуу байна гэж харж байсан.
-Танай нөхрийн ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
-Миний хувьд чүдэнз зураад асаад, унтрахтай адилхан хурдан уурлаж, мартдаг зантай. Над шиг сэтгэл хөдлөл өндөртэй хүн хэцүү. Харин манай нөхөр тайван, хүлээцтэй. Ер нь хэр баргийн зүйлд барьц алдахгүй. Хөөрхөн бондгор, сайн залуу бий. Нөхөртэйгөө гэрлэх шийдвэрээ хадам аав, ээжтэйгээ уулзаад гаргаж байсан. Яагаад гэвэл манай нөхрийн гэр бүл маш гоё халуун, дулаан уур амьсгалтай. Хадам аав, ээж хоёр ч мөн намайг маш их эрхлүүлдэг. Манай нөхөр айлын ганц хүү дээрээ гурван эгчтэй. Хүмүүс намайг гурван хадам эгчтэй болохоор “алуулдаг” байхдаа гэдэг. Яг үнэндээ ёстой тийм зүйл байдаггүй. Их ухаантай, сайхан хүмүүс байдаг. Манай нөхөр олон эмэгтэй хүний дунд өссөн болохоор их зөөлөн байдаг. Хүүхдүүдээ ч гэсэн их эрхлүүлдэг. Аав нь ээжийг нь их эрхлүүлдэг болохоор охин маань хүртэл түүнийг дуурайдаг.
-Энэхүү ярилцлагаар дамжуулан хүмүүст хандаж хэлэх үг бий юү?
-Маш сайн аав, ээж, хань, хадмууд, найз нөхөд, хүрээлэлтэй болохоор өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ хүмүүс намайг өдий зэрэгтэй хувь хүн болж төлөвшихөд нөлөөлсөн. Бүгдэд нь хайртай шүү гэж хэлье.