“Багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг 2025.06.25-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү хэлэлцүүлгээр багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, цалингийн бодлогоо шинэчлэх, төгсөгчдөд ажлын баталгаатай нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын зээл, тэтгэлгийн хяналтыг боловсронгуй болгох нь багшийн хомсдолыг арилгах гол шийдэл болно гэв. Мөн багш нарын тогтвортой ажиллах орчин, урамшуулал, дэмжлэг зэргийг бүрдүүлснээр боловсролын салбарын тогтвортой хөгжлийг хангаж чадах талаар хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ бодлогыг шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр боловсролын салбарыг зөвхөн салбарын түвшинд бус, үндэсний хэмжээний мега төсөл хэмээн авч үзэж, хүний хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Боловсролын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд боловсролын жилийн хүрээнд хийх ажлуудын төлөвлөгөөг боловсруулж байгаа. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яаманд хоёр дэд ажлын хэсэг ажиллаж, тусгай чиг үүрэг бүхий арга хэмжээнүүдийг нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Гэвч энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал тулгарахаар байгаа юм. Улсын төсвийн орлого төлөвлөснөөс тасалдах магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор төсвийн зарим зардлыг танах асуудал ч яригдаж эхэлсэн юм.
Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд багш бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах томоохон ажлууд хийгдэж эхэлж байна. 2025 оны аравдугаар сараас эхлэн бага ангийн болон англи хэлний 300 багшийг шинээр бэлтгэх сургалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийт 10,000 багшийг магистр, докторын зэрэгтэй, ахисан түвшний мэдлэг ур чадвартай мэргэжилтнээр бэлтгэх зорилт тусгагдсан байдаг. Боловсролын хүртээмж болон чанарыг зэрэг сайжруулахын тулд тус тусын чиг үүрэг бүхий хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Тэдний үйл ажиллагаа салшгүй уялдаатайгаар хэрэгжиж байгаа юм.
Ирэх таван жилийн дотор сурагчдын тоо эрс нэмэгдэхээр байгаа нь боловсролын дэд бүтцийг эрчимтэй өргөжүүлэх шаардлагыг бий болгосон. Тооцоолсноор 2030 он гэхэд 88,000 гаруй хүүхэд шинээр сургуулийн насанд хүрнэ. Энэ өсөлтөд бэлтгэхийн тулд ойрын хугацаанд 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барих шаардлагатай болсон. Хэрвээ эдгээр барилга байгууламжийг цаг тухайд нь барьж ашиглалтад оруулахгүй бол боловсролын хүртээмжийн асуудал улам хүндрэх эрсдэлтэй юм.

Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа: 2025 онд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой хэмжээний бодит санхүүжилт хийгдэж эхэлсэн. Сургууль, цэцэрлэг бүрт багшийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 12-13 тэрбум төгрөгийг хувьсах зардлын шугамаар олгосон. Үүний үр дүнд боловсролын байгууллагууд багш нарынхаа хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг бие даан зохион байгуулах боломж бүрдсэн юм. Ялангуяа шинэ, залуу багш нарт зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг тэдний ажилласан анхны жилд нь зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Судалгаагаар залуу багш нар ажилд ормогцоо хэт их ачаалалтай тулгарч, заавар зөвлөгөөгүй нөхцөлд ажилласнаас болж хэдхэн жилийн дараа мэргэжлээсээ хөндийрөх хандлага ажиглагдаж байна. Үүнийг таслан зогсоохын тулд ирэх жилээс шинэ багшийг дэмжих хөтөлбөрийг бүтэн жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх юм.
Мөн боловсролын бодлогын хүрээнд 6–12-р ангийн багш нарт зориулсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж, багшийн нөөцийг бодитоор тооцоолох ажил хийгдэж байна. БШУЯ болон орон нутгийн боловсролын байгууллагууд хамтран аймаг, сум бүрт багшийн дутагдлын эрсдэлийг урьдчилан тооцож, есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шаардлагатай мэдээллийг сургууль бүрт хүргэхээр ажиллаж байна.
Багшийн мэргэжлээр суралцан төгссөн боловч мэргэжлээрээ ажилладаггүй 20,000 гаруй хүн Монголд байгаа юм. Үндсэндээ бидэнд багшийн нөөц байгаа ч тэднийг хэрхэн ажиллуулах, тогтвортой байлгах механизм дутмаг байна. Иймээс багш бэлтгэх, хөгжүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд анхаарч, ажиллуулах хөшүүргийг бий болгох шаардлага гарсан.
Сүүлийн жилүүдэд багш бэлтгэх их сургуулиудын төгсөгчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэднийг сургуульд тогтвортой ажиллуулахад саад бэрхшээл байсаар байна. Цалингийн хувьд, өнөөдрийн байдлаар багшийн дундаж цалин 1.5 сая төгрөг орчим байгаа ч энэ нь нийслэл болон орон нутгийн багш нарт жигд биш юм. Орон нутгийн багш нар орон нэмэгдэлтэй байдаг бол нийслэлийн багш нарын цалин нэмэлт урамшуулалгүйгээр бага хэвээр байна. Ялангуяа шинэ залуу багш нарын хувьд эхний таван жилд цалин хэт бага, орон сууцны асуудал ч шийдэгдээгүй байгаагаас болж тогтворгүй байдал үүсдэг.
Цаашид багш нарын мэргэжлийн нэр хүнд, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд цалинг нэмэгдүүлэх, орон сууцны дэмжлэг үзүүлэх, багшийн ажлын агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхийг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжих шаардлагатай байна. Шинэ бодлогоор багш нарт хичээлээ заах арга барил, төлөвлөгөөгөө өөрсдөө чөлөөтэй сонгох эрхийг олгох зорилготой байна. Өөрөөр хэлбэл, багш тухайн жил хүүхдэд ямар мэдлэг, чадвар олгохоо тодорхойлж, түүнийгээ ямар арга зүйгээр хүргэхээ бие даан шийдэх боломжтой болох юм. Энэ нь багшийн бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, стандартчилалд баригдсан биш, уян хатан боловсролын орчныг бүрдүүлэх чухал алхам гэж үзсэн.
Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон: Сүүлийн жилүүдэд багш мэргэжлийн нэр хүнд, цалин хөлс, ажлын ачаалалтай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод болоход багш мэргэжлээр суралцах хүсэлтэй залуусын тоо буурах хандлага ажиглагдаж байна. Ялангуяа төгсөөд мэргэжлээрээ тогтмол ажиллаж байгаа багш нарын тоо хомс байгаа нь асуудал юм.
2025 оны байдлаар улсын хэмжээнд нийт 49,000 гаруй багш ажиллаж байгаа ч бодит хэрэгцээний хувьд 20,000 гаруй багшийн нөөц дутуу байгаа нь салбарын хүний нөөцийн хүндрэлийг харуулж байна. Энэ нь ажиллаж байгаа багш нарт их хэмжээний ачаалал үүрүүлж, ажлын ачааллын тэнцвэр алдагдах нөхцөл үүсгээд байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд 17,523 оюутан багш мэргэжлээр төгссөн ч тэднээс мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан нь харьцангуй цөөн байгаа нь бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байгаа юм. Засгийн газраас багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан тэтгэлэг, сургалтын зээл олгож эхэлсэн нь тодорхой үр дүнтэй байгаа. 2025 онд 5000 оюутан багш мэргэжлээр их, дээд сургуульд элсэн орсон. Тэд 2028 онд төгсөж, ЕБС болон цэцэрлэгүүдэд ажиллах юм. Боловсролын салбарын судалгаагаар одоо ажиллаж байгаа ЕБС-ийн багш нарын 49 хувь нь МУБИС-ийг, үлдсэн 51 хувь нь бусад их, дээд сургуулийг төгссөн байна.
2024 оны байдлаар төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 12 их, дээд сургуулийн нийт 2775 оюутанд 5.5 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгожээ.
Тэтгэлэг авсан оюутнууд нь орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил ажиллах гэрээ байгуулдаг ч энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавих механизм тодорхой бус байна. Ажлаа хийж эхлээгүй эсвэл хугацаанаасаа өмнө ажлаасаа гарсан тохиолдолд ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 2024 оны зургаадугаар сарын байдлаар 1372 багш мэргэжлийн төгсөгч бүртгэгдсэн байна. Эдгээр төгсөгчдийн дунд хийсэн судалгаагаар 70 хувь нь мэргэжлээрээ ажиллана гэж хариулсан бөгөөд 60 хувь нь төгсөхөөсөө өмнө ажлын байрны санал хүлээн авсан байна. Энэ нь багшийн мэргэжлийн эрэлт өндөр, хомсдол их байгааг харуулж байна.
2025 оны байдлаар улсын хэмжээнд цэцэрлэгт 726 багш, Ерөнхий боловсролын сургуульд 1319 багш дутагдалтай байгаа юм. Нийтдээ 2045 багшийн орон тоо Монгол Улсад дутагдалтай байна.
Түүнчлэн цаашид хүүхдийн тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа нь багшийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодит шалтгаан болж байна. Хэдийгээр багшийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа ч бодит ажиллах нөхцөл, цалин урамшуулал, ачаалал, ажлын орчны асуудал шийдэгдээгүй тохиолдолд хомсдол үргэлжлэх магадлал өндөр юм.
СЭЗИС-ийн Боловсролын сургуулийн зөвлөх багш илтгэлдээ дурдахдаа, Багшийг зөвхөн багшийн сургууль л бэлтгэх тогтолцоог бий болгох цаг болсон гэв. Энэ бол зөвхөн сургалтын байгууллагын асуудал биш яамны бодлогын түвшинд нэгдсэн шийдвэр, журам, стандарт шаардлагатай юм. Багшийн сургалт, хөтөлбөр, үнэлгээ, дадлагын тогтолцоо зэрэг бүх шатны сургалт багшийн сургуульд төвлөрч, мэргэшсэн багш, судлаачдын удирдлага дор явагддаг байхаар нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хувийн болон улсын их сургуулиудын ялгавартай хандлага нь салбарын тэгш байдлыг алдагдуулж, олон сургуулийг хүнд нөхцөл байдалд оруулжээ. Энэ ялгаа өнөөдөр ч бодитоор байсаар байна. Ямар ч сургуулийн төгсөгч ижил шалгуур, чадвартай байх ёстой атал улсын их сургуулийн дипломтой бол давуу талтай гэх нийтлэг ойлголт, институцийн түвшний ялгаварлал бодит байдалд байгаа юм.
Ийм нөхцөл байдал нь боловсролын салбарын хөгжилд биш, хуваагдалд хүргэдэг. Тиймээс төр хувийн хэвшлийн ялгаагүй, багшийн чанар, ур чадвар дээр суурилсан үнэлгээ, дэмжлэгийн нэгдсэн систем хэрэгтэй байна.
Салбарын хамгийн том сул тал бол тогтворгүй, гэнэтийн шийдвэрүүд юм. Сайхан эхэлсэн төсөл, хөтөлбөрүүд тодорхой шалтгаангүйгээр тасалддаг, зогсдог. Ийм хандлагыг цаашид өөрчлөх шаардлагатай. Эхлүүлсэн төсөл хөтөлбөр бүрийг эцсийн үр дүн хүртэл нь уялдуулж хэрэгжүүлэх бодлого, хариуцлага, санхүүжилтийн баталгаа шаардлагатай байна.
Өмнөх жилүүдэд туслах багш бэлтгэх зорилгоор 179 хүн сургалтад хамрагдсан ч өнөөдөр зөвхөн 13 хүн нь л ажиллаж байна. Энэ бол хайран цаг хугацаа, нөөц, хөдөлмөр. Иймээс багшийн нөөц, тоо бүрдүүлэхийн зэрэгцээ яг өнөөдөр ажиллаж байгаа багш нарыг дэмжих, чадавхжуулах, урамшуулах бодлого илүү үр дүнтэй байхаар байна гэсэн юм.