Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барьсан.
Товчхондоо 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барьсан юм. Тус төслөөр тэнцвэржүүлсэн орлого 30 их наяд, зарлага 31.5 их наяд, алдагдал 1.8 их наяд төгрөг байхаар тусгажээ. Төрийн хэмнэлтийн хуулиар хасагдах зардал 535.9 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ. Харин шинээр нэмэгдэх зардалд НҮБ-ын СОР 17 хурлын барилга байгууламжид 41.8 тэрбум, ТЭЦ3-ын ослын хор уршгийг арилгахад 35.5 тэрбум төгрөгийг тусгажээ.
Түүнчлэн багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах, бүх төсөвт байгууллагын нэг удаа тэвчиж болох зардлыг хэмнэх, салбаруудын 7-12 сард хэрэгжүүлэх арга хэмжээг хэмнэхэд нийт 1.5 их наяд төгрөг хэмнэхээр тусгасан байна.
Харин хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, халамж, зээлийн хүүгийн төлбөр, эм эмнэлгийн хэрэгсэл, цэцэрлэг сургуулийн хоолны зардал, төрийн өндөр түвшний айлчлал, зочин хүлээн авах зардлыг хэмнэхгүй. Эдгээр зардалд нийт 10,919.3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.