Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

Г.Энхтайван: Тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг НДС-ийн үлдэгдлээс шийддэг болбол хүүг буулгах боломжтой

Г.Энхтайван: Тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг НДС-ийн үлдэгдлээс шийддэг болбол хүүг буулгах боломжтой
Нийтэлсэн 8 минутын өмнө
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаас ахдамуудын тэтгэврийн талаар тодрууллаа.
-Тэтгэврийн зээл олголтыг харьцааг 50:50 болгох шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Ер нь арилжааны банкуудаас тэтгэврийн зээл олголт хэр байгаа юм бэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хуралдаанаа хийхдээ тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийсэн. Ингэхдээ тухайн тэтгэвэр авагч зээлээ төлөөд үлдэж байгаа хэсэг нь амьжиргааны доод түвшинг залгуулах хэмжээнд байна. Харин түүнээс давсан хэсэг дээрээ зээл авч болно гэдэг зохицуулалтыг хийсэн байсан л даа. Түүнээс хойш УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нарын гишүүд “Мөнгөний бодлогын хорооноос гаргасан дээрх шийдвэр нь ахмад настнуудад, тэр дундаа бага хэмжээний тэтгэвэр авч байгаа ахмадуудад хүндрэлтэй тусаж байна. Тиймээс Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ шийдвэрээ эргэч хараач” гэдэг хүсэлтийг тавьсан. Түүнчлэн Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас манай Мөнгөний бодлогын хорооны  дээрх шийдвэрийг мөн эргэж харах хүсэлтийг гаргасан байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож  хэлэхэд, гуравдугаар сард энэ зохицуулалтыг бид холбогдох салбарын яамны хүсэлтийн  дагуу буюу тодорхой санал хүсэлтийг судалж үзсэний үндсэн дээр гаргасан шийдвэр. Сая хамгийн сүүлд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар мөн дээрх асуудлыг авч хэлэлцлээ. Ингэснээр тэтгэврийн зээлийг бусад хэрэглээний зээлтэй адилтгасан. Өөрөөр хэлбэл, өр орлогын харьцааг 50:50 байх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ өнөөдрийн байдлаар 689 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгвэл өмнөх гурван сард авсан байсан арга хэмжээгээр бол тухайн ахмад настан маань амьжиргааны доод түвшинтэй дүйцэхүйц хэмжээгээ өөртөө авч үлдээд үлдсэн хэсэг дээрээ зээл авах боломжтой буюу төлөлтөө хийгээд явах бүрэн боломжтой байсан. Ингэхэд 24 сарын хугацаатайгаар, 16.8 хувийн дундаж хүүтэйгээр тэтгэврийн зээл авахад нэг тэтгэвэр авагч маань 2.2 сая орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байсан байх нь байна шүү дээ. Харин одоо Мөнгөний бодлогын хорооны хамгийн сүүлийн шийдвэрээр буюу өр, орлогын харьцааг 50:50 болгосноор бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмад настан 4.5 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой болсон. Тэгэхээр ийм зохицуулалт хийснээр бага тэтгэвэр авч байгаа ахмад настан илүү өндөр хэмжээний зээл авах боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож болно.  
-Монголбанк яагаад тэтгэврийн  зээлд хязгаарлалт хийгээд байдаг юм бэ гэдэг шүүмжлэл их гардаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тэтгэврийн зээлийн энэ хязгаарлалт маань анх 2019 онд  хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцааг нэвтрүүлж эхэлснээр эхэлсэн байдаг. Ингэснээр 2020 оны төгсгөлөөр тэтгэвэр тэтгэмж барьцаалсан зээлийг  УИХ-аас хууль гаргаж, нэг удаа бүрэн тэглэсэн шүү дээ. Тухайн үед 757 орчим тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 их наяд төгрөгийн тэтгэврийн зээл гарсан байна. Энэ нь нийт тэтгэвэр авагч 550 орчим мянган хүний 55 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн үг л дээ. Тэр дундаа дундаж тэтгэврийн зээлийн үлдэгдэл нэг тэтгэвэр авагч дээр  6.5 сая төгрөг, дундаж зээлийн хүү 16.4 орчим хувьтай байна. Ахмад настны тэтгэврийнхээ зээлэнд төлж байгаа сарын  дундаж төлөлт 650 орчим мянган төгрөг байна. Тухайн үедээ буюу өнгөрсөн гуравдугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бидэнд ирүүлсэн саналд тухайн тэтгэвэр авагч маань өөрөө тэтгэврийн зээлээ төлөөд үлдэж байгаа нь тухайн иргэний амьжиргааны доод түвшнийг хангахгүй байна буюу ахмад настнууд маань ажил хийх боломжгүй учраас тухайн хүний нийгэм, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ингэснээр тухайн ахмад настан бусдаас хараат  байх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх эсэх асуудал нь хөндөгдөж байна. Тэр ч бүү хэл, үүнээс улбаалаад гэр бүлийн хүчирхийллээс авахуулаад бусад сөрөг хүчин зүйлсэд өртөж  байна гэдэг бодит байдлын үндсэн дээр Монголбанканд ахмад настнуудын зээлийн өр, орлогын харьцааг эргэж харах хүсэлтийг тавьсан байдаг юм. Тийм ч учраас бид дээр дурдсанчлан буюу өнгөрсөн гуравдугаар сард Мөнгөний бодлогын хороо хуралдаж, зохицуулалтыг хийсэн байсан. Энд нэг зүйлийг  тодруулж хэлэхэд,  бид ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбоотой томоохон судалгааг хийж байсан юм. Тодруулбал,  2022 онд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Германы Фридрих Эбертийн сантай хамтраад хийсэн судалгаагаар тэтгэврийн зээл авч байгаа нийт ахмадуудын маань 60.6 хувь нь тухайн  зээлийг өөртөө зарцуулж чаддаггүй буюу  бусдын хэрэгцээнд зарцуулдаг гэсэн бодит судалгааны дүн гарсан байдаг юм. Бусдын хэрэгцээ гэдэг нь үр хүүхэд, ойр дотнын хүмүүсийнхээ сургалтын төлбөрийг төлөх, машин авч өгөх гэх мэтээр зарцуулдаг буюу өөрийн хэрэгцээг хангах зорилгоор тэтгэврээ зээлдэггүй гэдэг нь тодорхой болсон байдаг л даа. Гэтэл ингэж ахмад настнууд маань тэтгэврээ өөртөө зарцуулахгүй байгаа нь эргээд тухайн ахмад настны нийгмийн болон эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэдэг судалгааны дүн гарсан.
-Мөнгөний бодлогын хорооны зургадугаар сарын хуралдаанаас өмнө тэтгэврээ зээлсэн ахмадууд хэрхэх вэ?
-2025 оны зургадугаар сарын 16-наас буюу Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаас өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад Монголбанкны өр, орлогын хязгаарлалт хамаарахгүй бөгөөд зээлээ сунгах, нэмж зээл авах бүрэн боломжтой. Хэрэглээний зээлийн хурдтай өсөлт нь инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийх шаардлага үүссэн гэж ойлгож болно. Гэхдээ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж, өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгон бууруулсан тул бага тэтгэвэртэй ахмадуудад зээл авах боломж нэмэгдсэн гэдгийг дахин тодотгоё.
-Тэтгэврийн зээл бол харьцангуй чанартай буюу эргэн төлөлт сайтай,  эрсдэлгүй зээл шүү дээ. Тэгэхээр өр, орлогын харьцааг бууруулах боломжтой биш үү?
-Төв банк тэтгэврийн зээлтэй холбоотой зохицуулалтыг хийхдээ маш олон талаас нь бодож, авч үзэж байж шийдвэр гаргадаг гэдгийг юуны өмнө хэлье. Учир нь хэрэглээний зээл гэдэг маань өөрөө улс орны санхүүгийн тогтвортой байдал болон нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг илэрхийлж байдаг. Хэрэглээний зээлийн хэмжээ сүүлийн 4-5 жилийн турш маш өндөр хэмжээнд хүрсэн. Тухайлбал, салбарын зээлийн 50 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлж байсан. Үүнээс улбаалаад бизнесийн  болон хөрөнгө оруулалтын зээлүүд шахагдаж, бизнес эрхлэгчдэд гэхэд санхүүгийн зээлийн хүртээмжгүй байдал үүссэн л дээ. Тэтгэврийн зээлд яагаад арга хэмжээ аваад байна гэхээр  тэтгэврийн  зээл гэдэг бол арилжааны банкуудын зүгээс хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөөр л олгож байгаа зээл шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрөөс олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг барьцаалаад банкууд өөрсдийн эх үүсвэрээс олгож байгаа зээл. Хамгийн сүүлийн стастистик мэдээллээр тэтгэврийн зээлийн чанаргүй зээлийн хэмжээ огцом өсөж, 11.7 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Учир нь тухайн зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй тохиолдол маш их байгаа. Тэгэхээр нэг тэтгэвэр авагчид олгож буй зээлийн хэмжээг ихэсгэх тусам  чанаргүй зээлийн хэмжээ өсөх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зээлийн бүтцийн зохистой хэм хэмжээг хадгалах үүднээс бид хэрэглээний зээлд нэлэнхүйд нь зохицуулалт хийж явдаг. Дан ганц тэтгэврийн зээлд оролцоод байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээл өөрөө цалингийн зээлтэй  адилхан хэрэглээний зээл шүү дээ. Тэгэхээр хэрэглээний зээлийг нийтэд нь ерөнхийдөө хязгаарлах бодлогыг бид бүхэн барьж байгаа.
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой юу?
-Тэтгэврийн зээл олгож байгаа мөнгө нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Тиймээс хадгаламжийн дундаж хүү хэд байна түүнтэй уялдана гэсэн үг. Хэрвээ Засгийн газар арилжааны банкуудад байршуулж байгаа НДС-ийн чөлөөт үлдэгдлээр тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг шийдээд, банкуудтайгаа хамтраад явбал хүүг бууруулах боломж бий.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. 2020 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь  одоо хүртэл төрийн өр болж бичигдээд үлдсэн гэдэг. Энэ тухайд нөхцөл байдал ямар байгаа талаар та мэдээлэл өгнө үү?
-Тухайн үед 757 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Ингэхдээ нэг удаагийн хууль гаргаж байсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс монгол” компаниас Хөгжлийн банкны баталгаатайгаар “Эрдэнэс” бондыг гаргасан. Түүнийг нь Төв банк худалдаж авснаар тухайн үеийн тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Энэ хүрээнд “Эрдэнэс” бондын эргэн төлөлтийн асуудал өнөөдрийн байдлаар ч  төлөгдөөгүй хэвээр байна. Монголбанкны хувьд энэ эргэн төлөлт хийгдэх байх гэсэн хүлээлттэй л байна. Энэ оны хоёрдугаар сард Засгийн газраас тухайн “Эрдэнэс” бондтой холбоотой бондын өмчлөлийн асуудлыг өөр дээрээ шилжүүлэн авсан байгаа. Тэгэхээр энэ бонд Засгийн газраас төлөгдөнө гэсэн хүлээлттэй л байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн