БНСУ-ын Сүгмён Эмэгтэйчүүдийн Их Сургууль энэ мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гон Хигийн магистрын зэргийг бусдын бүтээлээс хуулбарласан нь тогтоогдсон тул хүчингүй болгохоор шийдвэрлэснээ зарлалаа.Тэрээр тус сургуулийн Боловсролын магистрын хөтөлбөрийг 1999 онд дүүргэж, зураач Paul Klee-гийн уран бүтээлийн онцлогийг судалсан дипломын ажлаараа магистрын зэргээ хамгаалж байжээ. Гэвч тус бүтээлийн 48.1–54.9 хувь хуулбар байсан нь хоёрдугаар сард хийсэн дотоод шалгалтаар тогтоогдсон байна.Сургуулийн Боловсролын магистрын хөтөлбөрийн хороо даваа гарагт хуралдаж, Ким Гон Хигийн магистрын зэргийг хураах шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт судалгааны ёс зүйн дэд хороо ч мөн адил ийм шийдвэр гаргажээ. Сүгмён Их Сургууль хэвлэлийн мэдэгдэлдээ “Судалгааны ёс зүйг бэхжүүлж, эрдмийн зэргийн нэр хүндийг хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргалаа. Цаашид ч бид их сургуулийнхаа хариуцлагыг шударгаар биелүүлсээр байх болно” хэмээн дурджээ.