Нидерландын Гааг хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалт нь тус байгууллагын түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал билээ. Орос-Украины дайн үргэлжилж, АНУ-ын гадаад бодлогын чиг баримжаанд тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед уг уулзалт нь цаашдын олон улсын аюулгүй байдлын стратеги, гишүүн орнуудын харилцаа болон дэлхийн шинэ хүчний тэнцвэрийг тодорхойлох ач холбогдолтой юм.
Энэ удаагийн уулзалтад НАТО-гийн 32 гишүүн орны төр, засгийн тэргүүнүүд, Европын Холбооны удирдлагууд, мөн Украины төлөөлөгчид оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоныхоо дараа анх удаа энэхүү уулзалтад оролцож байгаа бол НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга, Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте анх удаагаа уулзалтыг даргалж буйгаараа онцлог юм. Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Фридрих Мерц зэрэг Европын гол удирдагчид бүгд оролцож байгаа бөгөөд Япон, Шинэ Зеланд зэрэг Азийн холбоотон орнууд ч урилгаар хүрэлцэн иржээ.
Орос-Украины дайн ба Украйныг дэмжих тухай:
Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь мэдээж Орос-Украины дайн билээ. НАТО 2024 онд Украинд жил бүр дор хаяж 50 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх амлалт өгсөн бөгөөд энэ удаа ч Украиныг хэрхэн урт хугацаанд дэмжих талаар хэлэлцэж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Рютте энэхүү дэмжлэгийг зогсолтгүй үргэлжлүүлэх нь "Путин дахин ийм дайн эхлүүлэхгүй байх баталгаа" болох ёстой хэмээн онцолжээ. Украин НАТО-д элсэхийг хүсэж байгаа ч одоогоор гишүүн бус учраас байгууллагын 5-р зүйлийн хамтын хамгаалалтад хамаарахгүй байна. Гэвч гишүүнчлэлийн асуудал Оросын хувьд улаан шугам хэвээр бөгөөд уг асуудал нь зөрчилдөөн гарсан үндсэн шалтгааны нэг хэвээр байгаа юм.
Израил-Ираны мөргөлдөөний тухай:
Уулзалтын бас нэг чухал сэдэв Израил-Ираны хоорондын хурцадмал байдал байх нь дамжиггүй. Дональд Трамп Израил болон Иран гал зогсоох тохиролцоонд хүрсэн хэмээн зарласан ч уг мэдээллийг аль ч тал батлаагүй байна. Европын гурван гол улс болох Франц, Герман, Их Британи Ираны Гадаад хэргийн сайдтай уулзалт хийж, мөргөлдөөнийг намжаахаар зорьж буй.
Батлан хамгаалахын зардал ба шинэ зорилт:
Уулзалтын хамгийн анхаарал татсан сэдэв нь гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудал байна. 2024 он гэхэд бүх гишүүн орон ДНБ-ий дор хаяж хоёр хувийг батлан хамгаалахад зарцуулах ёстой болсон ч энэ шаардлагыг хангаагүй олон орон байна. Трампын засаг захиргаа НАТО-г АНУ-ын нуруун дээр хэт ачаалал өгч байна гэж үзэн, бусад орнуудыг зардлаа 5 хувьд хүргэхийг шаардах болсон.
Ийнхүү өнгөрсөн ням гарагт гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа 2035 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэхээр тохиролцсон талаар мэдээлсэн. Үүний 3.5 хувь нь шууд цэргийн хүчин чадал, зэвсэглэлд, 1.5 хувь нь дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг шууд бус салбарт зориулагдах аж. Энэ нь өмнө нь мөрдөгдөж байсан 2 хувийн босгыг хэд дахин нэмэгдүүлсэн зоримог алхам болов. Гэвч Испани зэрэг зарим Европын орон энэ босгыг биелүүлж чадахгүй хэмээн үзэж байна.
Рютте үүн дээр "зөвхөн төсөв нэмэх биш, зэвсэг үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай" хэмээн онцолсон. Их Британи улс л гэхэд стратегийн шинэчилсэн бодлогоо зарлаж, цөмийн зэвсэг, шумбагч онгоц, сумны үйлдвэрүүдийг шинэчилж, батлан хамгаалахын зардлаа 2027 он гэхэд 2.5 хувь, цаашдаа 3 хувьд хүргэх зорилт тавьжээ.
АНУ-ын ирээдүйн оролцоо тодорхойгүй байгаа энэ үед Европын орнууд дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Франц, Герман, Их Британи зэрэг орнууд АНУ дэмжлэгээ танавал Европ бие даан үүрэг гүйцэтгэх гарц, механизмын талаар санал солилцож байгаа аж.
Үүнээс харахад 2025 оны НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалт бол зөвхөн эвслийн дотоод асуудлыг шийдэх уулзалт бус, дэлхийн геополитикийн ирээдүйг тодорхойлох, хамгаалалт, аюулгүй байдлын шинэ эрин үеийн эхлэл болж байна.