Дэлхий даяарх хүүхдүүдийн вакцинд хамрагдах түвшин зогсонги байдалд орж, бүр буурч эхэлснээр сая сая хүүхэд үхлийн аюултай өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болсон тухай томоохон судалгаа харуулжээ.
"The Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд дурдсанаар сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт вакцин хийснээр 154 сая хүүхдийн амийг аварсан ч, 2010 оноос хойш вакцинд хамрагдалтын тоо олон оронд зогсонги байдалд орж, заримд нь ухралт ажиглагджээ.
Улаанбурхан өвчний вакцины хамралт 204 орноос 100-д нь буурсан байна.
Хамгийн өндөр орлоготой 36 орноос 21-д нь (Франц, Итали, Япон, Их Британи, АНУ зэрэг орсон) дифтери, сахуу, улаанбурхан, полио, сүрьеэ зэрэг вакцинуудын дор хаяж нэг тунгийн хамралт буурчээ.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улам дордсон энэ байдал нь олон сая хүүхдийг урьдчилан сэргийлэх боломжтой өвчин болон үхэлд өртөхөд хүргэж байна гэж Вашингтоны их сургуулийн судлаачид анхааруулжээ.
Судалгааны ахлах зохиогч, доктор Жонатан Моссер хэлэхдээ:
“Сүүлийн 50 жилийн их хүчин чармайлтын үр дүнд тодорхой ахиц гарсан ч, бүх хүүхдэд хүртээмжтэй болоогүй. Өнөөдөр ч олон хүүхэд бүрэн вакцинд хамрагдаж чадахгүй байна. Вакцин бол хүүхдийн амийг аврах хамгийн үр дүнтэй, хямд өртөгтэй арга боловч дэлхий дахины тэгш бус байдал, Ковидын дараах хүндрэл, вакцинд үл итгэх байдал, ташаа мэдээлэл зэргээс шалтгаалан энэ ахиц зогсонги байдалд оржээ” гэжээ.
Тэрээр “Энэ чиг хандлага улаанбурхан, полио, сахуу зэрэг вакцины эсрэг урьдчилан сэргийлж болох өвчнүүдийн дэгдэлтийг нэмэгдүүлж буй тул, вакцинжуулалтыг үр дүнтэй, тэгш хүртээмжтэй болгох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” хэмээн нэмж дурджээ.
Судлаачид энэ мэдээллийг 2030 он хүртэлх дэлхийн вакцинжуулалтын зорилтууд биелэгдэхгүй байж болзошгүй гэсэн ноцтой сэрэмжлүүлэг хэмээн тодорхойлсон байна.
Вакцинд хамрагдалт буурсны үр дагавар аль хэдийн ажиглагдаж эхэлжээ.
Афганистан, Пакистанд полио өвчний тохиолдол өссөн.
Папуа Шинэ Гвинейд вакцинд хамрагдсан хүн амын хувь 50 хувиас доош байгаа бөгөөд полиогийн дэгдэлт гарсан.
2024 онд Европт улаанбурхан өвчний халдвар 10 дахин өссөн.
2025 оны тавдугаар сарын байдлаар АНУ-ын 30 мужид улаанбурхан өвчний 1000 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны нийт тохиолдлоос давсан.
Судалгааг 1980–2023 оны хоорондох 204 улс, нутаг дэвсгэрийн хүүхдийн вакцинжуулалтын хамралтын жил тутмын тоон үзүүлэлтийг 1000 гаруй эх сурвалжаар үндэслэн шинэчилсэн дүнгээр гаргажээ.
1980 онд 58.8 сая байсан “тэг тун” буюу огт вакцинд хамрагдаагүй хүүхдийн тоо 2019 онд 14.7 сая болж 75 хувь буурсан нь ахицтай ч, 2010 оноос хойш энэ хандлага саарч, зарим оронд ухралт ажиглагджээ.
Аргентинд улаанбурхан өвчний эхний тунгийн хамралт 12 хувиар буурсан.
Финлянд, Австри зэрэг улсад сахуу-дифтери-гуурсан хоолойн гурван тунгийн хамралт тус бүр 8 болон 6 хувиар буурсан.
Судалгааны тэргүүлэх зохиогч доктор Эмили Хаузер “Вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийн итгэл үнэмшил, санаа зовнил, хүлээлтийг ойлгож, тэдэнд нийцүүлэн ажиллах нь чухал” гэж хэлжээ.
Лондонгийн их сургуулийн профессор Хелен Бэдфорд:
“Вакцин бол хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг хэвээр байна. Харин энэ амжилтыг хадгалахын тулд тогтвортой хөрөнгө оруулалт, тэгш хүртээмж, олон нийтийн итгэл зайлшгүй хэрэгтэй” гэв.