Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Сурвалжилга: Төв цэнгэлдэхийн зүлгийг өмнө жилийнхээс сайжруулсан ч халтирахгүй гэх баталгаагүй байна

Сурвалжилга: Төв цэнгэлдэхийн зүлгийг өмнө жилийнхээс сайжруулсан ч халтирахгүй гэх баталгаагүй байна
Нийтэлсэн 1 минутын өмнө
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинээр дэвссэн хиймэл зүлэг халтирах шалтгааны нэг болж, "гуч гаруй  бөх халтирч унан өвдөг шороодлоо" гэж багагүй хэл ам дагуулсан юм. Иймд улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийнхаар нь байлгах боломжтой эсэх тал дээр санал хүсэлтээ гаргасан. Гэвч Нийслэлээс байгалийнх болгох боломжгүй гэж үзсэн учраас энэ жил дахин шинээр зүлэг дэвсэж, бороожуулсан зүлэг дээр өчигдөр \2025.06.24\ бөхчүүд барилдаж, туршиж үзлээ. Ингэхдээ ОБЕГ-ын алба хаагчид хиймэл бороо оруулах буюу зүлэг рүү ус шүршсэн талбайд 10 гаруй бөх барилдсан. Шинэ зүлгийн төсөвт өртгийн хувьд 1.3 тэрбум төгрөг аж.
Бөхчүүдээс шинэ зүлгэн дээр барилдахад халтирч байгаа эсэхийг тодрууллаа.

Э.Батмагнай: Ер нь хиймэл зүлэг халтирахгүй гэх баталгаа алга. "Халтирна даа" гэсэн айдастай барилддаг

undefined
Улсын начин Э.Батмагнай: Туршилтын барилдаан хийж үзлээ. Норсны дараа халтирахгүй гэх баталгаа алга. Улсын их баяр наадмаар зодоглохдоо халтирахгүй дээ гэх бодол тээхгүйгээр ирэх хэрэгтэйг ойлголоо. Уг нь сайхан барилдчихмаар л байдаг. Айдастай ирэхээр ямар олигтой байх вэ дээ. Баяр наадам болох хугацаа ойртсон энэ цаг үед шинэ зүлэг тавилаа, тэр нь халтирч байгааг бүгд л үзлээ. Зарим бөх ямар нөхцөл байдалтай байгааг ирж харах байлгүй дээ. Улсын баяр наадам жилдээ ганц болж байна. Ер нь өмнө жил дөрвийн даваанд хальтраад унасан, тэр айдас бол байна. Гэхдээ энэ айдсаасаа салаад ёстой юм байна гэж бодлоо

Б.Эрдэнэхүү: Олон жилийн хөдөлмөрөө зүлэгнээс болж үгүй болгоно гэдэг харамсалтай

undefined
Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү: Зодог өмсөж эхэлснээс хойш улсын том цол мөрөөдөж түүнийхээ төлөө 10-20 жил тууштай бэлтгэл хийж байна. Бэлтгэл сайн байгаа жилдээ зүлэгнээс болоод хальтирч унаж олон жилийн хөдөлмөр үгүй болно гэдэг харамсалтай. Ер нь наадам болгон хуртай байдаг. Өмнө жил урд өдрийн бороо маргааш нь ирээд барилдахад ус нь доошоо шингээгүй, түүн дээр нь барилдаж байсан. Энэ жилийн хувьд усаа хэр шүүхийг мэдэхгүй байна. Уг нь энэ асуудлыг шийдэж байгалийн зүлгээ тарих хугацаа их байлаа. Эргээд хиймэл зүлгэн дээрээ л барилдах нь. 

Н.Золбоо: Өмнө жилийн зүлэг халтиргаатай байсан нь барилдаанд их нөлөөлсөн

undefined
Улсын харцага Н.Золбоо: Ус асгахаас өмнө барилдахад халтирах нь бага байсан ч устай болсны дараа илүү халтирч байна. Хиймэл зүлэг байгалийн зүлгийг бодвол илүү халтирдаг. Бөхчүүд байгалийнхаа зүлэг дээр барилдахыг илүүд үздэг. Гэхдээ хиймэл зүлгэн дээр барилдах нь тодорхой боллоо. Энэ жил бэртэл гэмтэлгүй, халтирч унаад хийсэн хөдөлмөрөө талаар болгохгүй сайхан наадам болоосой гэж хүсэж байна. Наадмаас өмнө бөхчүүдийгээ ирээд зүлгэн дээрээ барилдаад үзээрэй гэж хэлье. Өмнө жилийн зүлэг халтиргаатай байсан нь миний болон бусад бөхчүүдийн барилдаанд их нөлөөлсөн. Олон бөх гэмтсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Хүссэн, хүсээгүй энэ зүлгэн дээрээ бүгд барилдана. 
Бөхчүүд шилэг зүлэг өмнөхөөсөө сайжирсан ч халтирахгүй байх баталгаа алга гэсэн тул бөхийн холбоо болон албаныхаас тайлбар авлаа.

quote photo
Энэ зүлгийг Цогтцэций сумын 100 жилийн ойд өмнө нь тавьсан. Одоогоор Монгол Улсад тавигдсан хамгийн сайн зүлэг энэ гэсэн учраас л дэвссэн гэсэн
Ц.Магалжав
МҮБХ-ны холбооны тэргүүн Ц.Магалжав: Хиймэл зүлгийн наадмын өмнө ийн солилоо. Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа гэх том ажил бий. Үүнд наадмаас өмнө олон хоногийн бэлтгэл хийх шаардлага үүсдэг шүү дээ. Хэрэв байгалийн зүлэг дэвсэх юм бол морьдын үзүүлбэр, урлагийн тоглолтын бэлтгэл, үзүүлбэр зүлгийг "эргүүлээд" хаях болно. 
Монгол бөхийн холбооны зүгээс "чанар стандартыг хангасан зүлэг дэвсээд өгөөч ээ" гэх шаардлагыг л тавьсан. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн жилийн зүлэг дүүргэлтгүй, стандартын элсгүй байсан нь халтиргаа үүсгэсэн. Тэр зүлгийн сонгосон шалтгаан нь 40 тн жинтэй хөдөлдөг тайз зөөвөрлөх байсан гэж албаныхан хэлсэн. Энэ жилийн зүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум авч тавьж байсан. Тэр зүлэг дээр бөхчүүд маань барилдсан. Тэр үеэр нь бороо ч орсон. Үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдээс нь асуухад "сайн зүлэг байна" гэж хариулсан. Мөн Монгол Улсад тавигдсан зүлгээс хамгийн сайн нь энэ гэсэн учраас л дэвссэн гэсэн. 
Монголд ер нь хариуцлага тооцоход эзэн байдаггүй гэдгээр өнгөрсөн жил зүлгээс болж халтирч гэмтсэн бөхчүүдийн бүтэн жилийн бэлтгэл, магадгүй амжилтад тэр зүлэг нөлөөлсөн байж болзошгүй өнгөрөв. Харин нөхөн төлбөрийн тухайд даатгалаараа шийдэгдсэн.

Д.Амгалан: Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй

undefined
НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан: Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан ““HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн.
Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварыг хийсэн. Харин энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зах, худалдааны төв шиг болдог байсан. Энэ жилийн хувьд дэлхийд хосгүй, аялагч, жуулчдын сонирхон үздэг наадмаараа бид зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
quote photo
Монгол гутлын ул хавтгай, гялгар учир ямар ч нөхцөлд халтирна
Р.Доржготов
Төв цэнгэлдэхэд зүлэг дэвссэн "Эч Би Эс" ХХК-ийн инженер Р.Доржготов: Олон улсад итгэмжлэгдсэн спортын зориулалттай зүлэг. Тусгай бичиг баримт болон баталгаатайгаа ирсэн. Гэхдээ монгол гутлын ул хавтгай, гялгар учир ямар ч нөхцөлд халтирна. Онцлог нь энэ зүлэг харьцангуй стандарт хангасан. Яг энэ зүлэгтэй ижил зүлэг Хөлбөмбөгийн холбооны талбай, Шинэ яармагийн талбай, Увс аймгийн наадмын талбайд дэвссэн байгаа. 
Энэхүү зүлэг 5 см өндөртэй, дотроо дүүргэгч резинтэй. Хэрэв дүүргэгчгүй бол налах эрсдэлтэй юм л даа. Мөн спортын тэмцээнд оролцож буй хүмүүсийг унаж бэртэхээс сэргийлэх, зөөллөх зориулалттай юм. Хорт бодис, үнэр, тоос ялгаруулахгүйгээр хийгдсэн зүлэг гэж ойлгож болно.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн