Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Өдрийн сурвалжилга: Ахмадууд тэтгэврийн зээл аваад өөрсдөдөө зарцуулж чадаж байна уу

Өдрийн сурвалжилга: Ахмадууд тэтгэврийн зээл аваад өөрсдөдөө зарцуулж чадаж байна уу
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 25
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 12-нд хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийг цалингийн зээлтэй адилтган үзэж, хэрэглээний зээлийн ангилалд шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Ингэхдээ тэтгэвэр барьцаалсан зээлд тавьж буй өр, орлогын харьцааг 50:50 болгосноо зарласан юм.  Энэ нь тэтгэврээ барьцаалж зээл авсан нөхцөлд тэтгэврийнх нь 50 хувь зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргааг залгуулахаар үлдэх ёстой байна. Энэхүү шийдвэрийг зарим ахмад эсэргүүцэж банкнууд тэтгэврийн зээлээ 100 хувь болгож, хугацаа урттай, хүү багатай болгохыг шаардан жагссан юм. Тэтгэврийн зээлтэй холбоотой энэхүү асуудлыг өндөр настнуудаас тодруулж, ямар асуудал тулгарч байгааг тодрууллаа.
Тэтгэврийн зээлийг 100 хувь олгодог байснаа 50:50 болгосон нь ахмад настнуудын амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Энэ өөрчлөлт бодит амьдралд нийцэхгүй байгаа тул ахмад настнууд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ж.Мөнхдаш: Тэтгэврийн зээлийг 50:50 болгосноор бидний амьдрал ахуй урагш ахихгүй нь ээ. Гадаад, дотоодод гарч арилжаа наймаа хийсэн хүмүүст зээл нь харьцангуй амархан олдоод байдаг ч, бидэн шиг тэтгэврийн хөгшчүүдийн хувьд зээл авах боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа нь харамсалтай. Би цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ч одоо зээл хүсэхэд ч итгэл төрөхөө больжээ. Саяхан ахмадууд тэтгэврийн зээлийн асуудлаар жагсаал хийж байхад нь таарч очсон юм. Тэд асуудлаа шийдвэрлүүлэх хүртлээ тэмцэнэ, эцсийг нь хүртэл үзнэ гэж байлаа. Үнэхээр ч бүгдийнх нь царайд амьдралын хүнд нөхцөл, ирээдүйн төлөөх зовнил илт мэдрэгдэж байсан. Миний авдаг тэтгэвэр өдөр тутмын амьдралдаа хүрэхгүй байгаа. Хүнс, эм, хэрэглээний зардлаа ч дийлэхгүй шахам байна. Авсан зээлээ өөрийн хэрэгцээнд ч зарцуулж чадахгүй, үр хүүхдүүддээ зориулсаар байгаад дуусгадаг.
Ахмадууд урагшаа нэг алхах ч хэцүү болжээ.
Ж.Мөнхдаш
Б.Нарангэрэл: Тэтгэврийн зээлийг өмнө нь 100 хувь олгодог байсан бол одоо яагаад 50:50 болгосныг би үнэндээ ойлгохгүй байна. Энэ өөрчлөлт миний амьдралд шууд нөлөөлөхөөр байгаа юм. Би тэтгэврийн зээл авахаар банканд очихдоо 100 хувь, эсвэл ядаж 70 хувиар авах байх гэж тооцоолж байсан. Гэтэл одоо 50 хувь гэж хэлэхээр бараг л зээл авснаас огт аваагүй нь дээр юм шиг байна. Өмнө нь тэтгэврийн зээл 100 хувь байх үед би боломжийн хэмжээнд авч, хэрэгцээгээ хангаж чаддаг байсан. Одоо байгаа зээл маань ирэх өвлийн хоёр сар хүртэл үргэлжлээд дуусах гэж байгаа. Харин дараа нь дахин зээл авах хэрэг гарвал 50 хувиар гэвэл миний хэрэгцээнд хангалтгүй, хүссэндээ ч хүрч чадахгүй юм байна. Бодит байдал дээр хэрэв зээл авлаа гэхэд гуравхан сая төгрөг л олдохоор байна шүү дээ. Түүнээс нь хүүг нь суутгаж тооцвол бодитоор гар дээр ирэх мөнгө нь юу ч хүрэхээргүй, дэндүү бага байна.
Өмнө нь авсан тэтгэврийн зээлээ би бүгдийг нь үр хүүхдүүддээ л зориулсан. Тухайн үед банкнаас зээл авахдаа бага ч атугай хэсгийг нь үлдээгээд, өөрт хэрэгцээ гарвал ашиглая гэхэд банк тийм боломж байхгүй, та 100 хувь авахаас өөр аргагүй гээд надад 7 сая төгрөгийг бүхэлд нь олгож байсан. Одоо би өөрөө тэтгэврийн мөнгөгүй, шууд зээлд суутгагддаг тул амьдралаа залгуулахын тулд хоёр ажил зэрэг хийж, арай ядан амьдарч байна. Тэтгэвэр авдаг хүн гэхэд өөрийн тэтгэврийг мэдрэх ч сөхөө алга. Орж ирсэн даруйдаа л зээлд суутгагдаж, үлдэгдэлгүй болчихдог. Хүүхдүүд маань өөрсдийн цалин орлогоор амьдралаа авч явж байгаа болохоор миний зээлд туслах ямар ч боломжгүй. Харин ч эсрэгээрээ би тэдэнд нэмэр болохын тулд хийж буй ажлынхаа цалингаас хуваалцдаг.
undefined
Монголбанк тэтгэврийн зээлтэй холбогдуулж онцгой шийдвэр гаргаагүй бөгөөд хэрэглээний зээлийн өсөлт нь инфляц болон санхүүгийн эрсдэл үүсгэж байгаатай холбоотой зохицуулалт хийсэн гэж тайлбарлаж буй. Тэтгэврийн зээл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг эзэлж байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн хоёр жилд 100 хувиар өссөн нь эрсдэлтэй байгаа тул хязгаарлалт тогтоосон гэв. Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэлээс зарим асуултад хариулт авлаа.
-Монголбанк яагаад тэтгэврийн зээлийн хувьд тусгай хязгаарлалт тогтоохгүй, хэрэглээний зээлийн нийт хэмжээ, чанарт анхаарал хандуулсан бэ?
-Монголбанк тэтгэврийн зээлд хамааралтай шийдвэрийг онцгойлон гаргаагүй. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хийгдсэн юм. Учир нь сүүлийн үед зээл, ялангуяа хэрэглээний зээлийн хэмжээ нэмэгдэх нь инфляцыг өдөөх гол хүчин зүйлүүдийн нэг болсон. Энэ нь улмаар санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, тодорхой эрсдэлийг хуримтлуулж болзошгүй гэж үзэн зохицуулалт, хязгаарлалт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Зарим хүмүүс хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70:30 болгох талаар асуудаг ч одоогоор хэрэглээний зээлийн хувьд 50:50 гэсэн харьцаа тогтоогдсон байгаа. Тэтгэврийн зээл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлдэг учраас үүнд өөр шалгуур тогтоох үндэслэл байхгүй гэж үзсэн. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацааны тухайд Төв банк нь арилжааны банкнуудын бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох эрх зүйн үндэсгүй тул тухайн банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө бүтээгдэхүүнийхээ хүү, хугацааг чөлөөтэй тогтоож, Төв банк хөндлөнгөөс нь оролцдоггүй. Тэтгэврийн зээлийн чанар харьцангуй сайн байгаа ч сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт чанаргүй зээлийн хэмжээ нэг хувиас доош байгаа ч чанаргүйдлийн өсөлтийн хувь 100 хувиас давсан юм. Энэ нь тодорхой хэмжээний эрсдэлийг харуулж байгаа тул хязгаарлалт тогтоох нэг үндэслэл болсон.
-Тэтгэврийн чанаргүй зээлийн өсөлт нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа юу, үүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэврийн чанаргүй зээлийн жилийн өсөлт 100 хувийг давсан үзүүлэлттэй байсаар ирсэн. Үүний зэрэгцээ тэтгэврийн зээлийн нийт өсөлт харьцангуй тогтвортой буюу 40–50 хувийн хооронд хэлбэлзэж байсан ч, чанаргүй зээлийн хэмжээ жил бүр огцом нэмэгдэж байгаагийн дээр, энэхүү хандлага ирээдүйд санхүүгийн байгууллагуудад зээлийн эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм. Тухайлбал, 2025 оны байдлаар тэтгэврийн чанаргүй зээлийн нийт хэмжээ 11.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116 хувиар буюу хоёр дахин түүнээс ч илүү хэмжээгээр өссөн. Хэдийгээр чанаргүй зээлийн нийт харьцаа өнөөдрийн байдлаар бага түвшинд байгаа ч, энэхүү өсөлтийг хязгаарлахгүй, үргэлжлүүлэн үл тоовол, цаашид зээлийн эрсдэл хурдацтай нэмэгдэж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх юм.
-Төв банкнаас хэрэглээний болон тэтгэврийн зээлийн нөхцөлд хязгаарлалт тавьсан ч, банкнуудын зээлийн шалгуур, хүү харилцан адилгүй байгаагаас иргэдийн зээл авах боломж өөрчлөгдсөн байна. Энэ асуудалд Төв банк оролцох боломжтой юу?
-Энэхүү шийдвэр нь энэ оны зургаадугаар сарын 16-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсад нийт таван банк хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээл олгож байна. Эдгээр банкнуудын зээлийн нөхцөл, шалгуур харилцан адилгүй тул тухайн иргэн аль банканд хандаж байгаагаас шалтгаалан Төв банкнаас тогтоосон шалгуурт бүрэн нийцэхгүй шинэ зээлдэгчийн хувьд авах боломжтой зээлийн хэмжээ буурч болох юм. Тэтгэврийн зээлийн хүү нь тухайн банкны өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлд хамаарах тул Төв банкнаас бизнесийн үйл ажиллагаанд нь шууд оролцож, зээлийн хүүг тогтоох буюу зохицуулах боломжгүй. Энэ нь банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаанд тооцогддог.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн