Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлыг дотоодоос, бусад захирлуудыг гаднаас томилохоор ярьж байсан

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлыг дотоодоос, бусад захирлуудыг гаднаас томилохоор ярьж байсан
Нийтэлсэн 17 минутын өмнө
"Эрдэнэс Тавантолгой" компанид өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирал томилж чадахгүй, үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа. Өмнөх Засгийн газар гаднын менежментээр удирдуулах бодлого барьж, сонгон шалгаруулалт зарлаад байсан. Тэгвэл шинэ Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагад ямар хүмүүс томилох талаар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралаас тодрууллаа.
Тэрээр "Би ЗГХЭГ-ын дарга байхдаа ажлын даалгаврыг нь боловсруулаад олон улсын шаардлага хангасан, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай гадаад удирдлага томилъё гэдэг чиглэлийн дагуу ажилласан. Гэхдээ гүйцэтгэх захирал биш Санхүү эрхэлсэн захирал, Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан захирал гэдэг гурван албан тушаалд материал авсан. Зургаан хүний материал ирсэн. Гэхдээ сонгон шалгаруулж амжаагүй байсан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн борлуулалтыг нэмэгдүүлж, хүний нөөц хараат бус байх хэрэгтэй байна. Санхүү ил тод, хариуцлагатай байх ёстой. Үүн дээр хэн нэгэн хамаатан садан ах дүү, ямар нэгэн улс төрийн намын гишүүн биш олон улсын сайн менежерийг томилсноор компанийн засаглалыг сайжруулна. Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас гүйцэтгэх удирдлага нь гадаад хүн байх нь бэрхшээлтэй гэж үзсэн.
Ер нь нүүрсний компани дээр гаднын удирдлага ажиллахад өндөр цалин нэхдэг, хангамж өндөртэй байдаг. Мөн Засгийн газар нь хувьцаа эзэмшигч учраас засаглалын хувьд хараат бусаар ажиллах боломж байна уу гэх мэт олон шаардлага тавьдаг юм билээ. Тиймээс төдийлөн хүмүүс энд захирал ирж ажиллая гэдэг сонирхол их бага.
Одоо шинэ Ерөнхий сайд ямар бодлого барихыг дагана. Шинэ Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанийн асуудлыг яриагүй байна" гэлээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн