УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж парламентын баталсан хуулиудын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр "Анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдаад 10 сар хүрэхтэй үгүйтэй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд 12 анхдагч хууль баталж, хэрэгжилтийн биелэлтэд хяналт тавьж, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж өргөн барих чиг үүрэгтэй 70 орчим ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа талаараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ. Тэрбээр, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа 126 гишүүнтэй байгуулагдсан шинэ парламент өмнөх парламентад өргөн баригдсан байсан бүх хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаасан. Тиймээс бүх зүйл тэгээс эхэлсэн гэсэн үг. Энэ нь 76 гишүүнтэй 8 удаагийн парламентын эхний намрын, хаврын, анхдугаар чуулгануудтай харьцуулахад их ачаалалтай ажилласан судалгаа байна. Тухайлбал, нэг жил хүрэхгүй хугацаанд анхдагч хууль 12, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 65 баталсан. Нэлээд том том үзэл баримтлалтай, бараг анхдагч, бие даасан хуулийн хэмжээнд үнэлэгдэхүйц томоохон өөрчлөлт оруулсан. Олон улсын гэрээ соёрхон баталсан тухай хууль 9-ийг, хууль хүчингүй болгосон тухай хууль 10, УИХ-ын 115 тогтоол баталсан. Жишээ нь их олон удаагийн хэлэлцүүлэг, судалгаа, ажлын үр дүнд Хархорум хотын эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Мөн олон жил хөдлөөгүй том мега төслүүдийн хууль, эрх зүйн орчныг бий болгож шийдвэрлэсэн. Иргэд олон нийтийн анхааралд татсан Зээлийн мэдээллийн сангийн тухай, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг олон хуулийг дурдаж болно. Тоонд чухал бус, хуулийн чанар, агуулгад анхаарах ёстой.
Иргэдийн саналыг авч, хэлэлцүүлэх учиртай. Заавал олон нийтэд нээлттэй байршуулж байж, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа, заавал хэлэлцүүлэх ёстой болсон гэдгээрээ 126 гишүүнтэй анхны парламент чанартай, үр дүнтэй асуудлаа хэлэлцэж байгаа. Түүнчлэн, УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын сонсголыг нээлттэй явуулж эхэлснээрээ онцлог байгааг дурдлаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 70 гаруй ажлын хэсгүүд эхнээсээ үр дүнгээ өгч, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн Эрчим хүчний багц хууль өргөн баригдахад бэлэн болсон бол УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн бариад байна. Мөн П.Батчимэг гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд санал дүгнэлтээ боловсруулж дууссан гээд үр дүнтэй ажиллаж буй ажлын хэсгүүдийг дурдлаа. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрхтэй. Тийм учраас хуулийн төсөл боловсруулахдаа яам, агентлагуудаас шаардлагатай мэдээллүүдээ авах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийнхээ дагуу төрийн байгууллагуудаас мэдээлэл авч байгаагаас биш яамдаар хууль бичүүлээгүй учраас ажлын хэсгүүд гүйцэтгэх засаглалын ажил цалгардуулах ямар ч боломжгүй" гэлээ.