Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

С.Бямбацогт: Яамдын дарга нарын орон тоог 86-аар цөөллөө

Нийтэлсэн 2025 оны 6 сарын 25
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол болон яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан болон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар танилцууллаа.

Төсвийн тодотгол хийсэн ч цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй

undefined
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн тодотголын хэлэлцүүлэг эхлээд долоо хоночихлоо. Улмаар өнөөдөр төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эцэслэсэн. УИХ-д энэ удаагийн төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц бэлэн боллоо. Энэ оны орлого буурч байгаа учраас төсвийн хүрээндээ тодотгол хийнэ. Ингэхээр 2026, 2027 оны төсөөллүүдэд өөрчлөлт орно. Тиймээс саяхан батлагдсан 2026 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд мөн өөрчлөлт орох шаардлага үүснэ. Иймд эдгээр өөрчлөлтийг хамтад нь өргөн барина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээний мэдэгдлүүдийн өөрчлөлтийг түрүүлж хийнэ. Тухайн хүрээндээ багтаагаад төсвийн төлөвлөлт, тодотголд өөрчлөлт орно гэсэн үг. Жилийн эцэст 3.3 их наядаар орлогын гүйцэтгэл дутах тооцоо гарсан. 
2025 оны тавдугаар сарын дунд хугацаа хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн ч харьцангуй тогтвортой байжээ. Сүүлийн сарынхтай харьцуулахад тогтвортой байсан гэсэн үг. Эхний таван сар хүртэл 110 юаниар унаж байсан бол таван сарын 15-наас хойш 120-130 юаниар уналаа. Тиймээс бидний төсөөлж байсан төсвийн гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлэх нь. Харин тавдугаар 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Гэхдээ үүнд онцолж хэлэх зүйлүүд байна. Тухайлбал, энэ жил аль болох төсвийн тодотгол хийж төсөвтөө гар хүрэхгүй байдлаар зардлаа 25 хувиар танаж ирсэн. Тэгвэл өмнөх 2.3 их наяд гэсэн тооцоолол 2.1 их наяд төгрөг болж өөрчлөгдсөн. Яагаад гэвэл гурван зүйлийг зардал талдаа тавихаас өөр аргагүйд хүрч байна. Үүнд:
  • ТЭЦ III-ын осолтой холбоотой болон дулааны тарифын өөрчлөлтийг нэг удаа хойшлуулсан.Тиймээс татаас гарцаагүй нэмэгдэж байна. Иймд өвлийн бэлтгэл ажлыг хангахын тулд Эрчим хүчний яамнаас 128 тэрбум төгрөг буцааж тавих хүсэлт ирсэн. Гэхдээ 78 тэрбум төгрөгийн хязгаарт багтаахаар болсон.
  • Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөгийн нэмж тавихаар шийдлээ. Учир нь дэлхийн III дайн эхэлж магадгүй гэсэн хүлээлттэй боллоо. Үүнтэй холбоотойгоор дэлхийн тосны үнэд савлагаа үүснэ. Манай улсад хомсдол үүсэх эрсдэл бас бий. Мөн ирэх өвөл хатуу болох төлөвтэй байна.
  • Олон улсын харилцааны асуудал буюу НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг байна. Дараа жил COP 17-г зохион байгуулах ёстой. Энэ жил БОУАӨЯ  дээр 50 тэрбум төгрөг байсан. Харамсалтай нь, тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар худалдан авах ажиллагаа хийж амжаагүй учраас буцааж тавих шаардлага үүссэн. Улмаар нийт 187 тэрбум төгрөгийг буцааж тавих шаардлага үүссэн гэсэн үг.
Орлого дутлаа ч хүрч чадахгүй зардал гэж бий. Тухайлбал цалин тэтгэвэр, тэтгэмжийн зардал бий. Тэр тогтмол зардалд бид хүрэхгүй. Төсвийн тодотголыг ард иргэдийн нуруунд үүрүүлэхгүй. Үүнд тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө багтаж байна. Тодотгол хүсэх зүйл биш гэхдээ шаардлага үүсвэл хийхээс өөр аргагүй. Ханшийн эрсдэл, инфляц нэмэгдэхээс сэргийлж Монгол банкны бодлоготой нийцэж явсан гэсэн үг. 

С.Бямбацогт: 16 яамнаас 86 даргын орон тоог хасаж, цөөллөө

undefined
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Яамдын бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгохоор болсон. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог цөөлнө гэсэн үг. Тухайлбал, 16 яамд 138 газар байсан бол 109 болгож цөөлж байна. Яамдын хэлтэс 132 байсан бол 77 болгож цөөлөхөөр баталсан. Яамдын газар, хэлтсийн дарга 270 байсан бол 186 болгож бууруулахаар болсон. Энэ хүрээнд хамгийн ихдээ яам 14 даргатай, цөөн албан хаагчтай яам 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Жишээлбэл, Эдийн засаг хөгжлийн яам 28 даргатай байсан бол 14 даргатай болгоно. 
Хоёрдугаарт, ард иргэд, ААН-ийн хүсэн хүлээсэн газартай холбоотой асуудал удаан хугацаанд хүлээгдэж байсныг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, нэгдмэл сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Газар бол Монгол Улсын хамгийн үнэтэй өмч. Иймээс газрын нэгдмэл сангийн төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын асуудал Засгийн газрын түвшинд яригдана. Харин газар олгох асуудлыг хурдан шуурхай шат, шатны удирдлагын түвшинд хийх зохицуулалттай болгохоор болсон.
Мөн эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Энэ Засгийн газрын баримтлах бодлого бол төрийн албыг цомхон, чадварлаг, хамгийн оновчтой бүтэцтэйгээр илүү өндөр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах зохион байгуулалтыг хийнэ. Түүнчлэн, төрийн өмчит компаниудыг дээрх зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээнд Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн