Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг хамт өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. 2025 оны төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг хамтад нь өргөн мэдүүлэх юм байна.
Төсвийн тодотголын хувьд зардлаа бууруулахаас гадна орлохоор төлөвлөж байгаа орлогыг хэрхэн нөхөх арга зам, төсөл хөтөлбөрийг идэвхжүүлэхэд чиглэх юм байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор төсвийн орлого 39 хувиар буурсан байна. Төсөвт нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор тооцсон нь өнөөдрийн байдлаар 79 ам.доллар байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор жилийн эцэс гэхэд төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй байгаа аж. Иймээс 2025 оны төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулж, 2026 оны төсвийн төсөөллийг өөрчлөхөөр төлөвлөж байгааг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрээр “Төр өөрөөсөө хэмнэлтээ эхлэх бөгөөд тэтгэвэр, тэтгэмж, багш, эмч нарын цалингийн зардлыг бууруулахгүй. Харин төр бүтцээ багасгаж, дарга нарын тоогоо цөөлж, захиргааны зардлаа бууруулах арга замыг хэрэгжүүлж ажиллана. Мөн олох орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, хамгаалах хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулна.