УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "УИХ-ын гишүүн гэх үндэслэлээр охиныг минь Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан байна" хэмээн мэдэгдсэн. С.Ганбаатар гишүүн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийг нь АТГ-ынхнаар баривчлуулах гэлээ зэргээр эсэргүүцлээ илэрхийлж, мөн УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар нь мэдээлэл хийж, мэдэгдэл гаргасан. Харин энэ үйл явдлын дараа /2025.06.24-ний орой/ өөрийнхөө цахим хаягаар дамжуулан охиныг нь "Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан" гэж мэдээлсэн юм. Өөрөөр хэвбэл, өөрийнх нь Ерөнхийлөгчтэй таагүй харилцаанаас болж хүүхдийг нь тэтгэлгээс хаслаа гэсэн утга бүхий агуулгыг нийгэмд шидэв. Харин Боловсролын зээлийн сангаас С.Ганбаатар гишүүний охиныг Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан нь хуулийн дагуу явагдсан асуудал гэж мэдээлжээ.
Ингээд талуудын тайлбарыг хүргэж байна.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хүүхэд ямар буруутай вэ Ерөнхийлөгч өө. Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан. Үеийн олон найзуудтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуулиудад хүсэлт явуулсны дотроос дэлхийн шилдэг 100-н сургуулийн 33-т жагсаж байгаа НЬЮ ЙОРК-ийн их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.
Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан, маш их уучлалт гуйж охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байхав дээ, харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.
Охин минь хэдий ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар НЬЮ ЙОРК-ийн их сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм. Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.
Жич: Хасах болсон шалтгаан нь аав нь УИХ-ын гишүүн учраас гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ. Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ. Хүүхэд ямар буруутай вэ гэжээ.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай” гэв.