Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Г.Дамдинням: Алт 3 хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, өнгөт металлын салбараа дэмжинэ

Г.Дамдинням: Алт 3 хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, өнгөт металлын салбараа дэмжинэ
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 25
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар төсвийн 33 хувь, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээр Монгол Улсын гол түүхий эдийн үнэ унаж байгаатай холбоотойгоор цаашдаа ямар арга хэмжээ авч ажиллах талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тодорхой шийдвэрүүд гарсан байна.
Эдийн засгийн хямралын амь тариа нь АЛТ...
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах асуудлыг хийх ёстой.
Нэгд, манай эдийн засаг овор хэмжээ ихтэй нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүн дээр суурилсан байдаг. Мөчлөг дагаж унаж босдог салбарын хувьд дотроо төрөлжүүлж ажлуудыг хийх ёстой байдаг. Манай улс өнгөт металлын салбараа дэмжих ёстой. Өнгөт металл болон масс тээвэрлэлт хийдэг түүхий эдийн үнэ сөрж савладаг учраас уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд үүн дээр тоглож, гол бодлогоо явуулдаг.
Энэ бодлогын суурь болгож манай яам Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдэж байна. Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд одоо УИХ-ын шийдвэр зайлшгүй шаардлагатай байна.
Алтны үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар өссөн байна.  Дэлхий нийтээрээ алтны хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байгаа энэ үед Монгол Улсын үнэт металл тушаалт буурсан байна. Тухайлбал, 2024 оноос 16 хувийн уналттай явж байна. Гэтэл дэлхийн зах зээлд нэг унц алт 3600 ам.доллароос дээш үнэлгээтэй байна. Тиймээс УИХ-ын тогтоолын зорилго нь алтны олборлолтыг нэмэгдүүлэх, үндсэн ордуудыг эргэлтэд оруулах эрх зүйн орчныг нээхэд чиглэх юм.
Манай улсын батлагдсан алт 500 тонн. Үүнийхээ шууд олборлох боломжтой 100 тонн алтыг үндсэн ордуудыг эргэлтэд оруулах замаар ашиглах боломжтой болно. Цаашлаад алтны хайгуулын  ажлыг эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах нөхцөлийг хөнгөвчилнө. Хөрөнгө оруулагчдад ээлтэй болгох зарчим руу орно. Мөн татварын орчинд анхаарна. Алтны борлуулалтын орлого 6 тэрбум төгрөг хүртэл бол 10  хувийн татвартай,  6 тэрбум төгрөгөөс илүү гарсан орлогод шууд 25 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт байдаггүй, алт тушаалтыг бууруулж байгаа нэг шалтгаанд тооцогдож байна. Тушааж байгаа алт, үнэ, хэмжээнээс хамаарч орлогын татварыг шатлах эрх зүйн зохицуулалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Харин роялти 5 хувь хэвээр байх зарчим барина. Ер нь эдийн засгийн хямралын үед хамгийн том амь тариа болдог салбар бол алтны салбар болдог. Тиймээс Алт 3 аяныг хэрэгжүүлэх тогтоолыг 2025 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлнэ.
Шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ
Хоёрт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Ойрхи Дорнодын бүс буюу Иран, Израилд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор Хормузын хоолойн тээвэрлэлтийн суваг хаагдах эрсдэлд орсон. Энэ хоолойгоор дэлхийн түүхий нефтийн тээврийн 25 хувь дамждаг. Үүссэн нөхцөл байдлаас болж нефтийн брент үнэ 5.5 хувиар өссөн байна. Цаашдаа маш тогтворгүй, таамаглах аргагүй нөхцөл байдалд орох эрсдэл байгаа учраас Монгол Улс нефть бүтээгдэхүүний захиалгаа нэмэгдүүлж, сав суулганы багтаамжаа тэлэх замаар 8, 9-р сарын хэрэгцээгээ нөөцлөхөөр төлөвлөлөө.
Мөн ОХУ-ын  Рофнефть компанийн Ангарски дахь үйлдвэр наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийхээ мэдэгдсэн. Тиймээс нефть импортлогчдод нөөц бүрдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргуулах асуудлыг Сангийн сайдад даалгасан Засгийн газрын тэмдэглэл гарлаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Хөдөө аж ахуйн биржийн харьяанд байдаг шатахууны савыг Эрчис Ойл компанид шилжүүлэхийг Төрийн өмчийн бодлого төлөвлөлтийн газар даалгалаа гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн