Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Боловсролын сайд П.Наранбаяр огцрох болзлоо хангасан уу

Боловсролын сайд П.Наранбаяр огцрох болзлоо хангасан уу
Нийтэлсэн 10 минутын өмнө
Шинэ Засгийн газар байгуулагдахад ХҮН намаас ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригийг Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн. Харин П.Ганзориг нэрээ татаж, УИХ-ын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Гэвч улиран томилогдоод удаагүй байгаа П.Наранбаяр сайд ЭЕШ-тай холбоотой асуудлаас болж огцрох эрсдэлтэй нүүр тулж ирлээ.
Монгол багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын сайддаа шаардах өргөх бичиг өргөн барьж, цаашлаад шаардлагыг биелүүлэхгүй бол огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ. Гол нь ЭЕШ-ын үеэр алдаа мадаг гаргасан учраас наймдугаар сарын 15-ны дотор дахин ЭЕШ зохион байгуулахыг шаардав. Боловсролын үнэлгээний төвд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шалгуулагч болон эцэг эхийн гомдол тасрахгүй байна. Түүнчлэн үүссэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүн Боловсролын сайдыг хариуцлага хүлээж, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.
Харин Боловсролын сайд П.Наранбаярын зүгээс "ЭЕШ өмнө мөрдөгдөж байсан хууль журмын дагуу явсан. Ер нь ЭЕШ-тай холбоотой хэл ам жил бүр гаргадаг" гэсэн бөгөөд эл асуудалд хариуцлага хүлээх бодолгүй байгаа нь зухалзав.
Өмнө нь, 2023 онд 34 мянга, 2024 онд 35 мянга гэх мэтээр дунджаар 33-36 мянган хүүхэд ЭЕШ өгч байсан бол, харин энэ жил 43 мянган хүүхэд өгсөн. Шалгуулагчдын зүгээс ЭЕШ-ын будлианы тухай хэлэхдээ "Алдаатай бодлого оруулсан,  оноо нэмж, хассан, шалгалтын материалыг уншсан техник нь гацсан, шалгуулагч цагаасаа хоцорч ирсэн ч шалгалтад оруулсан, гар утастай нь оруулж журам зөрчсөн" зэрэг олон алдаа гарсныг сурагчид сануулж байгаа.
Үүнээс гадна Боловсролын сайдын мэргэжлийн бус томилгоо шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын үнэлгээний төвийн захирлаар ажиллаж байсан Л.Ганбатыг чөлөөлж, Г.Гантуяаг тус төвийн захирлаар томилсон. Харин Г.Гантуяа нь боловсролын салбараас маркетингийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн аж. “Мобиком” компанид нийт 18 жил ажиллаж байгаад тусдаа маркетинг, контентын компаний байгуулан ажилладаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын гомдол өргөдлийн маргааны зарим нь Боловсролын үнэлгээний төвийн мэргэжлийн бус томилгоо руу давхар чиглэв.
Харин П.Наранбаяр сайд Г.Гантуяа нь IT мэргэжилтэй учраас БҮТ-ийн захирлаар томилох шаардлагыг хангасан гэж тайлбарласан. Гэсэн ч элсэлтийн шалгалтыг алдаатай зохион байгуулсан байгууллага, түүний удирдлагад хариуцлага тооцохыг МБҮЭХ-ноос П.Наранбаяр сайдаас шаардаж байна.
П.Наранбаяр сайд шиг элсэлтийн шалгалтын үеэр гарсан зөрчил, алдаа, шалгалтын асуулт задарсан зэрэг шалтгаанаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч Боловсролын сайд цөөнгүй бий.

Өмнөд Солонгос – 2004 оны шалгалтын асуулт задарсан хэрэг

БНСУ-ын Боловсролын сайдаар Ю Юн Хэ ажиллаж байх үед их, дээд сургуульд элсэх улсын хэмжээний CSAT шалгалтын асуултууд задарсан хэрэг гарсан. Энэ хэргийн үр дүнд тус улсын Боловсролын яам бүх шатанд хүчтэй шүүмжлэлд өртөж, холбогдох албан тушаалтнууд огцорч байжээ. Боловсролын яам олон нийтээс уучлал гуйсан боловч шалгалтын системийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлсэн гэж олон нийт үзсэн юм.

Египет – 2016 онд El Thanaweya Amma шалгалтын асуулт задарсан хэрэг

Тус улсын Боловсролын сайдаар Эл-Хелали Эль-Шербини ажиллаж байх хугацаанд их сургуулийн элсэлтийн шалгалт болох Thanaweya Amma шалгалтын асуултууд интернэтэд задарсан тул сурагчид эсэргүүцлийн жагсаал хийж байжээ. Боловсролын сайд шууд огцроогүй боловч олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсаар дараа жил нь ажлаа хүлээлгэж өгч байв.

Энэтхэг – 2024–2025 оны NEET болон UGC шалгалтын асуудлууд

NEET-UG (анагаахын чиглэлээр суралцах шалгалт) болон UGC-NET (их сургуулийн багш болоход зориулагдсан шалгалт) дээр асуулт задарсан гэх шүүмжлэл гарч, олон нийтийн эсэргүүцэл өрнөсөн. Боловсролын сайд Дхармендра Прадхан огцроогүй байгаа ч Төв мөрдөн байцаах газар шалгалт явуулж байгаагаас гадна олон нийт болон улс төрийн намуудын зүгээс огцрохыг шаардаж байгаа аж.
Монгол Улсын хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар, асуулт, хариулт задарсан асуудал гараагүй ч алдаатай даалгавар боловсруулсан, засалтад алдаа зөрчил гарсан гэх гомдлууд их гарч буй. Элсэлтийн ерөнхий шалгалт бол сурагчийн ширээнээс амьдралд хөл тавих гэж буй олон залуусын ирээдүйг тодорхойлох чухал шалгалт. Тиймээс алдаа дутагдал гарсан нь нотлогдвол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг биз ээ.
Дашрамд дурдахад, танхимын сайдаа чөлөөлж, томилох асуудал нь 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон билээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн